Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр43
mod_vvisit_counterӨчигдөр517
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1751
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар4326
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт177608

Сайтад холбогдсон

Одоогоор 7 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
"Дашаа доожо" дэвжээний тамирчдын амжилтаас PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 18-06-2010 14:11


Монголын гардан тулааны холбоо, цагдаагийн хурандаа Хаянгарваа багшийн шавь, спортын мастер Дашмягмарын үүсгэн байгуулсан "Дашаа Дожо" дэвжээний 2010 оны аварга шалгаруулах тэмцээн Оакланд хотноо амжилттай явагдаж дүгээ гаргажээ. Хоёр жилийнхээ ойн дээр хийж байгаа тус тэмцээнд нийтдээ 29 тамирчин оролцсон бөгөөд Насанд хүрэгчид, Өсвөр үе, Идэрчүүд, Бага нас гэсэн дөрвөн ангилалаар явагдан аваргаа тодруулхад:   

Насанд хүрэгчдэд:
О.Сүхбаатар - алт
Б.Төгөлдөр - мөнгө
Г.Мандуул - хүрэл

Идэрчүүдэд:
Ц.Амирлан - алт
С.Саруул - мөнгө
Т.Чилүүгэн - хүрэл

Өсвөр үед:
Б.Тэмүүлэн - алт
С.Төгөлдөр - мөнгө
С.Хүслэн - хүрэл

Бага насанд:
Т.Түмэндэмбэрэл - алт
Энх-Эрдэнэ (Дэнис) - мөнгө
Хүслэндорж - хүрэл

4-6 насанд
З.Ирмүүн - алт
Билэгт - мөнгө
Б.Тэлмүүн - хүрэл нар хүртэж 2010 оны дэвжээний эзэд болцгоов. Мөн Монголд "Сонсогчийн алдар" тэмцээнд олгодог уламжлалтай "Дайчин тоглогчийн" тусгай шагналыг Баясгалангийн Билгүүн авсан байна. Тэмцээнийг дэвжээнд ОУХМастер, Монголын гардан тулааны холбооны хар бүс, 3-р дантай Отгонбаяр шүүн явуулж хажуугийн шүүгчээр Б.Батболд, Т.Бат-Энх, Ш.Батхишиг, ерөнхий шүүгчээр Д.Дашмягмар, Ш.Энхболд нар ажилласан байна.



Тус дэвжээний шилдэг 18 тамирчин дараа нь Америкийн баруун хэсгийн аварга шалгаруулах World OYAMA бүрэн контактын тэмцээнд амжилттай оролцож 10 дэвжээний зуу гаруй тамирчдаас шалгаран 4 алт, 3 мөнгө, 4 xүрэл медал хүртсэн амжилтын хуртай ирээд байна. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд манай тамирчин Б.Төгөлдөр, О.Сүхбаатар нар 2009 оны АНУ-ын аварга Кери Врайт, энэ тэмцээний 2005, 2006 оны аварга, хар бүс, нэгдүгээр дантай Август Херн (Нью-Йорк), 2007 оны Канадын аварга Нило Ривера нарын нэр хүндтэй тамирчидтай эн тэнцүү, зоригтой дайчин өрсөлдөж шүүгчид үзэгчдээс өндөр үнэлэлт авцгаав. Манай хоёр хамгийн залуу бөгөөд хамгийн бага зэрэглэл бүхий хар шар бүстэй байсан ч насанд хүрэгчидтэй тэнцүүхэн сайн өрсөлдлөө. Мөн зохион байгуулагчдын хариуцлаггүйгээс болж манай Т.Түмэндэмбэрэл оролцож чадаагүй бөгөөд тэдний зүгээс манай дэвжээнд хандан уучлалт хүссэн болно.

Энэхүү тэмцээнд "Дашаа доожо" дэвжээнээс оролцсон 18 тамирчдаас Пүрэвдоржийн Дөлгөөн, Энхбаярын Тэнүүн, Энхтөрийн Лэгцогбалжир, Батхишигийн Цэлмүүн нар аваргын алтан медал авсан бол мөнгөн медалыг Ганзоригийн Хур, Сонгинобаярын Төгөлдөр, Бат-Энхийн Аминаа нар, хүрэл медалыг Цогтбаярын Амирлан, Төмөрчөдөрийн Чилүүгэн, Улаанаагийн Тэнгис, Бямбасүрэнгийн Хүслэндорж, Дашмягмарын Чингүүн нар хүртэж сайхан амжилт үзүүллээ.

Баг тамирчдыг бэлтгэн дасгалжуулж энэхүү тэмцээнд амжилттай оролцуулсан дасгалжуулагч багш Ё.Отгонбаяр, Ж.Батхишиг, Т.Бат-Энх, Ш.Энхболд нар болон амжилт гаргахад хувь нэмэрээ оруулсан нийт эцэг эхчүүдэд дэвжээний нэрийн өмнөөс талархал дэвшүүлж баярласанаа илэрхийлж байна.

"Дашаа доожо" дэвжээ
Д. Дашмягмар

 
Умардын хөлбөмбөгчид урамтай сайн үзлээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 15-06-2010 15:15


Дэлхийн аваргын 5 дахь өдөр F, G хэсгийн тоглолт эн тэнцүү талдаа болж өнгөрлөө. F хэсэгт эхний тоглолтоо хийсэн Словены баг Шинэ Зеландын шигшээг 1:0 харьцаагаар хожиж яваад төгсгөлийн ганц минутанд тэсэж чадсангүй гоол алдаж хожлын гурван оноогоо хоромхон зуур салхинд хийсгэчихэв. G хэсгийн тоглолтууд тун сонирхолтой боллоо. Зааны ясан эрэг, Португалын шигшээ 90 минутын турш өгөө аваатай харилцан зогсоо зайгүй довтлолцсон боловч аль нь ч үр дүнд хүрсэнгүй бас л тэнцлээ. Арслан заан Дрогба уран тоглолтоо үзүүлсэн ч урагшаа дайрсан довтолгоо нь дор бүрдээ няцаагдаж байсан бол Португалын гол найдвар Роналдо залуу заануудын дунд хөл хоригдон ээрүүлсээр зангарагтай тоглолтоо гаргаж чадсангүй.

Харин энэ хэсгийн хамгийн их анхаарал татсан тоглолт дэлхийд ретингээрээ тасархай тэргүүлж яваа дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээ Умард Солонгосын уяа сойлго нь хэнд ч сайн мэдэгдээгүй "битүү морьд"-той хийсэн тулаан байв. Умардынхан ФИФА-ийн ретингээр 105 яваа ч ботид байдал дээр ямар болохоо өнөөдөр хангалттай харууллаа. Гадагшаа тоглолт хийх боломж бололцоо ховор Умард Солонгосын дотоодын лигийн 12 багаас шилж аваад ширүүхэн бэлдсэн "улаан цэргүүд" өнөөдөр Пелегийн "пээдгэр" цэргүүдтэй нэг их ёсорхож цэрвээд байсангүй сайхан үзсээн.

Тоглолт ихэнхдээ Солонгосын хаалганы өмнө явагдав. Эх орныхоо нэрийг заавал гаргах хатуу тушаал авсан тэд хамаг хүчээрээ гялалзтал хамгаалсаар эхний үеийг энх тайвнаар дуусгаж чадсан юм. Тактикийн хувьд ямар ч үед яс хамгаалан бөмбөг алдахгүй байсаар цаг дуусгах, боломж гармагц холын зайнаас оновчтой цохиж хожлын оноо авах зорилготой байсан болов уу. Умардынхан хоёр довтлогчоо хойш нь татаж хагас хамгаалагчид нь бүгдээрээ хамгаалалтанд шилжсэн тул Бразилчууд төвөөс төвөг багатай түрэн цөмөрч Кака, Мэйкон, Элано, Фабиано, Бастос нар умардынхны хаалгыг ээлжлэн бөмбөгдсөн ч хоёрдугаар үе эхэлтэл улаантнуудын "учрыг олж" олигтой үр дүнд хүрч чадаагүй юм. Гэсэн ч тоглолтын 54 дэх минутанд баруун жигүүрээр цөмрөн орж ирсэн Мэйкон эхний гоолыг хийлээ. Хаалганы хажуугийн шугманд зэрэгцэж ирмэгцээ түүний хагас эргэлттэй цохисон бөмбөгийг Солонгосын хаалагч араараа алдсан.

Бразилчууд нэмж довтолсоор бас нэг гоол оруулсан ч бардаж байгаад өөрсдийн хаалгандаа хариу авснаар тоглолт 2:1 харьцаагаар дууссан. Тоглолт дуусахаас 2 минутын өмнө Чи Юн Нам зоригтой довтлож дэлхийн шилдэг хаалагч Хулио Сезарын хамгаалалтыг сэтлэн гоол оруулснаар энэ тоглолтын шилдэгээр тодроод байна. Тэрбээр гадаадын багт тоглодог "тусгай зөвшөөрөлтэй" уртаашаа гурван легонерийн нэг нь бөгөөд Японы лигт 2 дахь жилдээ хүчээ үзэж буй юм байна.

Д.Цэрэндорж
2010.6.15
 
Дэлхийн аваргын эхний өдрүүдийн товч тойм PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 14-06-2010 19:47

Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд шалгарсан шилдэг 32 багийн ширүүн өрсөлдөөн өнгөрсөн Баасан гарагт эхлэлээ. Энэ дэлхийн аваргын эхний сенсаацыг Мексик Өмнөд Африкийн тоглолтын үеэр талбайн болон хажуугийн шүүгчдийн гаргасан алдаатай шийдвэр гэж хэлж болох юм. Мексикийн довтлогчийн хийсэн гоолыг отон тоглолтоос оруулсан гэж үзээд тооцоогүй тул эзэн орны баг эрэмгий сайн хаалагчийнхаа хүчээр дэлхийн шилдэг хорин багт багтсан Мескикийн шигшээтэй хайнцан тэнцэж хасах оноо авсангүй. Дашрамд дурдхад энэ дэлхийн аваргыг зохион байгуулагч орон Өмнөд Африкийн баг өнөөгийн чансаагаар бол 83 дугаарт бичигдэж байгаа ажээ.

Дараачийн таагүй сенсаацыг дараалан тарьсан "хэргийн эзэд" бол Англи, Алжир, Италын мэргэжил нэгтэй хаалагчид болж байна. Дэлхийн аваргын хоёрдахь өдөр Английн хаалагч Роберт Грийн АНУ-ын довтлогч Клинт Демпсигийн холын зайнаас хүчтэй цохисон бөмбөгийг эхлээд хааж тогтоосон боловч нэгмөсөн өөрийн болгож чадалгүй

харамсалтайгаар хаалгандаа алдчихсан бол дараагийн өдөр болсон Алжир Словены тоглолтын 79 дахь минутанд Алжирын хаалагч Фавзи Чуачи бариад авах бүрэн боломжтой бөмбөгийг хаахаар үсэрсэн боловч хажуугаар нь зөрж унаад хэвлэл мэдээлэлийн бай болоод байна. Харин өнөөдөр Италын хашир хаалагч, өмнөх дэлхийн аварга Жанлукка Буффон Парагвайн довтлогчийн цохисон бөмбөгийг хатгаж хаахын оронд харж зогссоор алдаж хоёрдугаар үед тоглох эрхээ хасуулаад нөөцийн суудалд шилжив. Ингээд хэсгүүдийн тоглолтын талаар товч тойм хүргэе.

А хэсэг

Өмнөд Африкчууд алдаатай шүүлтийн "ач тусаар" Мексиктэй эвийн гэрээ амжилттай байгуулсан бол Уругвай Францын тоглолт бас илүү дутуу гоолгүй энх тайвнаар шийдэгдэж одоохондоо "эвтэй найртай" байцгаана. Энэ хэсэгт үзэгчдийн анхаарлыг Мексикийн Бразил гаралтай залуу од Жовани дос Сантос, гуравдахь дэлхийн аваргад тоосоо өргөж байгаа 37 настай Гуатемок Бланко, Өмнөд Африкийн хагас хамгаалагч Стив Ташабалала, Францын хагас хамгаалагч Франк Рибери (Бавари) нарын тоглолт илүү их татаж байсан. 

 
"Занабазар" төвийн өдөрлөг сайхан боллоо PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 09-06-2010 10:55



Өнгөрсөн Ням гарагт болсон эх үрсийн баяраар Сакраменто хотноо байрладаг бурхны шашны “Занабазар” төвөөс санаачлан Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (БАМХ), Сакраменто хот дахь Монгол сургууль хамтран нэгэн сайхан арга хэмжээг Бөркли хотын Бэй Марин хэмээх үзэсгэлэнт эргийн буйдхан талбайд өргөн дэлгэр зохион байгууллаа. Энэ өдөр бурхны шашны 3 онцгой тэмдэглэлт үйл явдал давхацдаг ажээ. Тодруулбаас Бурхан багш эрдэнэт хүн төрлийг олж эхийн хэвлийд оршсон, Буян номын оройд гарч төгс гэгээрсэн, Насан хутгийг үзүүлж нирваан дүрд хувирсан цаг хугацаа нь зуны эхэн сарын шинэдээр зэрэг тохиодог тул лам хувраг, сүсэгтэн олноороо билэгшээн залбирч нэгтгэн тэмдэглэсээр ирсэн уламжлалтай юм байна.

Өдөрлөгийг нээж төрийн дуулaлаа сонссоны дараа Занабазар төвийн лам нар буян аривжуулах ном уншиж, Энэтхэг Жагарын орноос авчирсан арц утлага тараан сэтгэл санааг ариусгах ерөөл айлдав. Оакланд хотноо суугаа дуучин Энхтуяа ардын дууны мэндчилгээ өргөж Сакраменто хотын монгол сургуулийн охид хөвгүүд  Сайнаа багшийнхаа найруулсан “Би монголоороо гоёдог” сэдэвт уран уншлагаа толилуулан олны талархал хүлээлээ. Мөн тус сургуулийн хөгжмийн багш Болороогийн шавь нар төгөлдөр хуурын тоглолтоо сонирхуулж талбайд бяцхан хөвгүүд охидын гүйлтийн уралдаан, хүчит бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээн зэрэг олон арга хэмжээ явагдан бэсрэг наадмын дайтай сайхан өдөрлөг боллоо.

 
Би хаана хамгийн их хэрэгтэй байна, тэнд байх ёстой гэж боддог PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 04-06-2010 14:21
Америкт сургууль төгсөөд нутгаа зорьсон залуучуудын нэг Даваабатын Сайнбаяртай уншигч таныг уулзуулья. Чикаго хотноо компьютерийн программ хангамжийн мэргэжлээр суралцаж төгсөөд америкийн хай тек компанид хэсэг хугацаанд хүчээ үзсэн тэрбээр Монголдоо очоод Медиа группийн удирдах зөвлөлд ажиллахын зэрэгцээ дэлхийн Монголчуудын интернэтийн анхны сүлжээнээс салбарлан гарсан “Цахим Өртөө Холбоо” ТББ-г удирдан чиглүүлж яваа нэгэн билээ. Монголын пүүс компаниудын ажлын байрны Job Fair 2010 for Mongolian professionals in the USA үзэсгэлэн яармагийг зохион байгуулах ажилд оролцон Америкт ирэх үеэр нь түүнтэй уулзаж ярилцсан юм. 

“Цахим Өртөө Холбоо” ТББ Монголд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар яриагаа эхлэх үү?

Цахим өртөө анх 1999 онд гадаадад суугаа монголчуудын e-mail сүлжээг бий болгосон. Үүнээс үүдээд дэлхий даяар тархан суугаа монголчуудын мэдээлэл солилцооны анхны портал вэб сайт ажиллаж эхэлсэн юм. Энэ нь одоогийн olloo.mn, news.mn-ээс хамаагүй эрт гэсэн үг л дээ. Тэгээд хэсэг явж байгаад хоорондоо e-mail-ээр санаа бодлоо солилцож, ярилцаж суухын оронд тодорхой үйл ажиллагаа явуулж нийгэмд хувь нэмрээ оролцуулъя гэсэн зорилготойгоор 2005 онд төрийн бус байгууллага болсон. “Цахим өртөө холбоо” гэдэг нэрээр. Түүнээс хойш тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх замаар ажиллаж байна. Сүүлийн үед хийсэн ажлууд гэвэл сонгуулийн хуульд гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудлыг тусгуулах санал оруулсан мөн Глобал сангийн дэмжлэгтэйгээр ДОХ-ын төслийг хэрэгжүүлэгч гээд үргэлжилнэ.

Уг төслийг санаачлаад дараа нь хэрэгжүүлэгч байгууллага болсон юм уу?

Тийм. Санаачлагч хэрэгжүүлэгч байгууллага гэх юмуу даа. Яагаад Цахим өртөөнд хандсан бэ гэхээр ДОХ хаанаас орж ирэх вэ гэхээр гадны улс орнуудаас л орж ирнэ. Гадаадын иргэдээс болоод, гадаад аялж яваад ирсэн Монгол иргэдээр дамжин  ирдэг учраас явахаас нь өмнө, жишээ нь Солонгос руу гэрээгээр ажиллах гээд явдаг, эсвэл энэ тэнд энхийг сахиулах гээд явдаг цэргүүдэд бид нар ДОХ-ын эсрэг яаж биеэ авч явах талаар сургалт хийдэг. Бас нэгэн ажил бол “Хаш” гэдэг төсөл. Хаш гэдэг нь гадаадад суралцаж ажилладаг монгол иргэдийн оюуны нөөц бололцоог нэгтгэх, тэр тусмаа гадаадад байгаа монголчуудынхаа мэргэжлээрээ ажиллаж, сурч байгаа монголчуудынхаа мэдээллийн баазыг бий болгох, үүнийгээ online суурьтай болгох. Жишээ нь монголд тодорхой компанид ажлын мест байгаад түүнд хэрэгтэй мэргэжилтнүүд хэрэг боллоо гэхэд энэ вэб сайтруу ороод тэнд байгаа мэдээллээ өгсөн, ажлын анкетаа, хувийн намтраа бөглөсөн хүмүүсийн мэдээллийн сангаас ороод тэдэнтэй шууд харьцах, гадаадад байгаа монголчууд болохоор монгол дахь ажлын месттэй танилцах маягаар явна. Монголд байгаа ажлын байрыг ажиллах хүчинтэй нь холбох.

Гадаадад сургууль төгсөж эх орондоо ирээд ажиллаж байгаа залуус хэр олон байна, багцаагаар 10 хүнтэй компани гэхэд доод тал нь нэгээс хоёр хүн байж чадах уу?

Яахав харьцангуй л даа. Хуучин соц орнуудад төгссөн мэргэжилтнүүд ажиллаж л байгаа. Баруунд сургууль төгссөн хүмүүс яам тамгын газрууд түүний аппаратад ажиллаад эхэлсэн байгаа. Хангалттай юу гэвэл үгүй. Миний багцаагаар бол 100 хүнтэй байгууллага дотор 3-4 нь баруунд төгссөн юм уу, нэг тиймэрхүү харьцаатай. Энэ тоо гэхдээ салбар салбар, ажиллаж буй байгууллагаасаа хамаарах байх л даа. Гадаадад суралцаад ирсэн монголчууд ажлын туршлагаас гадна сэтгэлгээний онцлогоороо ялгардаг тал бий. Тухайлбал ажил хэрэгч чанар, ажлын чадвар, шинэ технологи эзэмших, аливаа ажлыг ёс зүйтэйгээр хийх зэрэг талаараа үнэхээр ялгардаг юм билээ. Сурсан мэдлэг чадвараа хэрэгжүүлэх, менежментийг хийх, эсвэл ноу хауг нэвтрүүлэх ч тал дээр илүү. Ингээд ирэхээр гадаадад боловсрол эзэмшсэн залуучуудын хэрэгцээ орон зай их байгаа.

 
Хэрэгтэнд оногдох ялыг сонсголоо. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 04-06-2010 11:04

Одоогоос гурван жилийн өмнө Аламеда хотноо Халлоуйн хэмээх муу ёрын цэнгээний үеэр цэцэг шиг цэл залуухан монгол охины алтан амийг бүрэлгэсэн алуурчны хэргийг шүүх хурал өчигдөр боллоо. Хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан шалтгаанаар эцсийн шатны шүүх ийнхүү хойшилсоор өдий хүрсэн байна. Дүүргийн шүүгч Тим Вилман уг хэргийг үйлдсэн "Тони" хэмээх Тран Очоуд өнөөдөр хэрэг хүлээх насанд хүрсэн тул оногдох ялыг төлөвлөн Аламеда хотын Дээд Шүүхийн танхимд анхны байдлаар танилцуулсан байна. Хэрэгтэнд одоогоор ялын дээд хэмжээ (first-degree murder) сонсголоо. Энэ дашрамд дурдхад Кальфорн муж улс дээд хэмээний яланд цааз хэрэглэдэг Америкийн цөөн хэдэн мужийн нэг юм. 

Уг хэрэгт холбогдсон Оакландын 5 залууд бас зохих ялыг төлөвлөсөн байна. Тэд Халлоуйны үдэш Аламедад ирээд тэнэж явахдаа Вашингтон паркт төрсөн өдрийн баяр тэмдэглээд амар тайван сууж байсан монгол хөвгүүд охидыг хараад айлган сүрдүүлж дээрэмдэх санаатай эхлээд агаарт 4 удаа хий бууджээ. Шоу цэнгээний үеэр элбэг тохиолддог гэрэлт буудлага хэмээн андууран нөхцөл байдлыг сайтар анзаарч амжаагүй суугаа монгол хүүхдүүд рүү тэр үед 16 настай байсан Тран Очоу буугаа авч цэнэглэн чиглүүлээд дахин хэд буудсан байна. Эхний эгнээнд сууж байсан Инчинхорлоо (Ико) охины нуруунд сум тусч орилон унах үед юу болсныг найзууд нь хараад сандралдаж байх үеэр тэд зугтан тарж харанхуйд уусан ул мөрөө баллахыг оролджээ.


Сэргийлэх олон хоногийн турш уйгагүй мөрдөлт явуулсны эцэст энэ хэргийг хэн хэрхэн үйлдсэн болохыг хөдлөшгүй баримтаар тогтоосон бөгөөд хэрэгтэн үйлдсэн хэргээ бүрэн хүлээж үзэж амсах шийтгэл цээрлэлээ эдлэх цаг ийнхүү ирлээ. Шүүхийн танхимд ирсэн Икогийн ээж аав хоёр хайрт охиноо алуурчны суманд алдсан харуусал гуниг шингэсэн товч үг хэлэх үед хэрэгтний өмгөөлөгч Ани Бел тэднээс юу ч асуугаагүй гэж бичжээ. Юугаа ч асуух билээ. Мөн тэрээр хэрэгтэнд оноон сонсгосон ялын талаар ямар нэгэн үг хэлээгүй гарчээ. Харин энэ хэрэгт холбогдуулан олон хүнийг саатуулан хоёр ч залууг сэжигтнээр баривчлан байцаасан бөгөөд хэрэг үйлдсэн бууг өнөөг хүртэл олоогүй байгаа юм байна.

Цаг хугацаа нэг л мэдхэд цахилан одож тэр цагаас хойш гурван жил өнгөрчээ. Хөөрүү сагсуу хүний оронцогын гэмт үйлдлээс болж хаврын цэцэг шиг хайран залуу наснадаа харамсалтайгаар энэ хорвоогоос халин одсон Ико охин маань та бидний нэгэн адил тэнгэрийн орноос хууль шүүхийн хуудуугүй шударга үнэн зөв шийдвэрийг харж хүлээж л байгаа байх даа. 


Д.Цэрэндорж

Сан Франциско Хроникл сонин дээр гарсан эх сурвалжийг энд дарж уншаарай.

 
Д.Амарсайхан ламтантай хөөрөг зөрүүлэн суухуй PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч A.Мягмар   
Пүрэв, 03-06-2010 11:34

- Ламтан таньтай хэдэн хором ярилцаж болох уу?
Та нөхөд өнөөдөр сүрлэг сайхан арга хэжээ зохион байгуулж байх чинь. Энэ бүхэн ямар учиртай юм гэдэг талаар тодорхой мэдэхийг хүсэж байна. Таниас хэдэн асуулт асуувал болох бол уу?

Бололгүй яахав. Миний нэрийг Давхайн Амарсайхан гэдэг. Би Монголын бурхан номын төв хийд Гандантэгчилэнгийн дэргэдэх Идгаачойнзолон дацангийн хурлын унзад лам хүн.

-Та хэзээ монголоос ирсэн бэ? Хэрэг зориг юу билээ гээд эх нутгаас ирсэн хүний үг сонсох сайхан шүү дээ?

Би энэ  оны 5-р сарын 6 нд ирсэн. Танай Сакраменто хотод ирэх зорилго маань энэ хотод байнга оршин суудаг Дамчаабазар, Баасандорж гэж хоёр лам бурханы номын анд найз нөхөдтэйгээ уулзаж хэд хэдэн ном хамтарч хурах, улмаар энэ орчмын хотуудаар явж Америк орны хөгжил дэвшлийг өөрийн нүдээр үзэх ард түмнийх нь болон энд амьдарч байгаа монголчуудынхаа амьдрал байдалтай танилцах явдал юм. Би Америк оронд анх удаа ирж байна Би энэ хоёр сайн андынхаа урилгаар Америкт ирээд Индиана мужид буддын шашны гүн ухааны талаар Дээрхийн гэгээн Далай ламын айлдсан номонд суугаад Америк орны байдалтай тухтай танилцаж явна. Билмуунтон болон Чикаго хотыг үзээд эдгээр хотод байгаа нэлээд монголчуудынхаа аж амьдралтай танилцаж одоо танай хотод ирээд энэ буян номын ажилд оролцож байна даа. Өнөөдөр бид сүсэгтнүүдийнхээ нас уртасгах, буян заяа арвижуулах, хишиг буян дэлгэрүүлэх зориулалттай Цагаан дарь эхийн Жинсрэг өргөх зан үйлийг Дамчаабазар лам, Баасандорж ламтай  хамтарч хийж гүйцэтгэлээ. Энэ ажил маань амжилттай болж өнгөрлөө. Энэ номын бэлтгэл хангах ажлыг номын нөхөд нартайгаа хэд хоног хамтарч бэлдээд өнөөдөр гал ариутгах зан үйлийг хийж байгаа минь энэ.

Зорьсон хэрэг амжилттай бүтэж сэтгэл хангалуун байна. Маргааш Сан Франциско болон түүний ойр орчмын хотуудаар явна. Энэ зургаадугаар сарын зургаанд Беркеле хотод Бурхан багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан Занабазар төв Монголчуудын Холбоотойгоо хамтарч зохион байгуулах томоохон арга хэмжээнд оролцох гэж байна.

 
Монгол залуу хүрэл медаль хүртжээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч X.Галбадрах   
Лхагва, 02-06-2010 20:44

2010 оны 4 сарын 24 нд Чикаго хотын нэгэн барилга доторхи хөл бөмбөгийн талбайд дүрэмгүй барилдаан буюу submission wrestling /grappling/ гэж нэрлэдэг барилдааны төрлөөр өндөр зэрэглэлтэй тамирчдын тэмцээн болж өнгөрчээ. Бүх төрлийн арга мэхээр, өөрийн чадвараа гарган өрсөлддөг бөхийн бас тулааны гэж ч болох энэ тэмцээнд нийт 14 дэвжээн дээр бүтэн 9 цагийн турш сонирхолтой өрсөлдөөн болсон аж. Зэрэг ангилал, жин тус бүрдээ 30-40 шилдэг бөхчүүд барилдсан энэ тэмцээний 35-аас дээш насны өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн хөнгөн хүнд жинд /190lb-210lb/ Монголын тамирчин Нямаагийн Энхээ /192lb-тэй/ хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргасан байна. Энэ тэмцээн нь дэлхийн цомын аварга шалгаруулах Чикагод зохиогдсон ээлжит цуврал тэмцээн юм байна. Энэ тухай Н.Энхээгийн найз нар нь баяр хүргэж Чикагогийн цахин хуудсанд бичсэнийг нийтэлж байна.
                                             
Даруухан найздаа баяр хүргэе!

35-аас дээш насны өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн барилдаанаас хүрэл медаль хүртсэнд найздаа баяр хүргэж, цаашдын амьдралд тань аз жаргал, бас спортын өндөр амжилт хүсье. Найзыгаа 3 сарын өмнөөс тэмцээнд бэлтгэж байгаа гэдгийг дуулсан л даа. Харин тэмцээний маргааш найз руугаа утасдан, "тэмцээн амжилттай юу?" гэж асуувал, "медалийн тавцанд зогссон шүү" гэлээ. Амихандаа баярлаад найздаа баярыг нь хуваалцахаар гэрт нь очвол, юу ч болоогүй юм шиг бичиг цаас дэлгэчихсэн, ном уншаад сууж байх юм. Өөр хэн нэгэн байсан бол ийм том тэмцээнээс медаль авсандаа яаж баярлаж хөөрч, бусдад гайхуулж, тэмдэглэн баярлаж байх байсандаа гэж бодоод даруухан занг нь гайхсан даа. Ер нь монголчууд сэтгэлийн хөдөлгөөн багатай, даруухан хүмүүс юм.  Ядаж л ойр байгаа хэдэн найзаа дуудаад л гайхуулж, бас баярлуулж болох шүү дээ.

 
Дурсгалын баярын дурсамжаас хуваалцахуй... PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Лувсанжамбаа   
Мягмар, 01-06-2010 14:33



Атлантын далайгаас Номхон далай хүртэл Нэгдсэн Улсад зуны сар гарч, ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх үеэр Америкт амьдраад арваад жилийг ардаа орхисон шинэ үеийн Монголчууд маань Калифорнийн Данвэль хэмээх захын хотод зүлэг ногоон талбай дээр алаг бөмбөг өшиглөн, аварга багаа шалгаруулж байх үеэр амралтын өдрийг далимдуулан Секуоиа, Кинг Канёон хэмээх үндэсний паркийг үзэж сонирхохоор гэрээс гарлаа. Өглөө эртлэн замд гарахад 17-ны тунгалаг сарны гэрэлд орчлон хорвоо үзэмжээ гайхуулан үүрийн шаргал туяанд усны мандал сүлэгдэн өнгө гэрлийг хослуулан байваа. Өмнөх зууны тавь, жараад оны үеэр ахмад үеийн монголчууд маань америкийн баруун, зүүн эргээр суурьшиж эхлээд нэгэн жарныг элээж, Жагарын орноос морилсон Жамбалдорж гуай нас сүүдэр хэдийнээ зуу гарч, Дилав хутагтын байгуулсан хийдэд буяны хурал хурахаар зарлаад байна.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд 1880-аад оны үед Сиеррагийн нуруунаас мод бэлтгэхийг нутгийн оршин суугчид эсэргүүцэн тэмцэл явуулснаар 1890 оны 9 сарын 25-ны өдөр Секуоиа Үндэсний парк байгуулагдан, долоо хоногийн дараа Конгресс анхны газрын хэмжээг 3 дахин томсгож, Генерал Грантын нэрэмжит Үндэсний парк хэмээн зарлажээ. 1893 онд Сиеррагийн Ойн тусгай хамгаалалтын бүсийг тогтоож, 1926 онд Кернийн Үндэсний паркийг байгуулж, 1940 онд Генерал Грантийн паркийг шинээр байгуулагдсан Кинг Канёон Үндэсний парктай нэгтгэн, сүүлд 1978 онд мөн Минерал Кинг паркийн Секуоиа паркад нэгтгэжээ.

Эдгээр паркийг анх байгуулагдсан түүхийг ярихад Жон Муир хэмээх байгал хамгаалагчийн нэрийг дурьдахгүй байхын аргагүй юм. Учир юун хэмээвээс тэрбээр Калифорн мужийн албан ёсны геологч Жосиах Витней-тай Сеиррагийн нурууны эрдэс баялаг, геолог ашиглалтын талаар маргаж байхдаа, хэрвээ та нар гол мөрнийг таслаж, борооны үүлийг нэг мөсөн зайлуулж, мөнх цасыг дахин харахгүй амьтан ургамалыг нэг мөсөн устгая гэж байгаа бол энэ нурууны ойн модийн огтолж, газрын баялгийн ухаж төнхөж болох юм хэмээж байжээ. Энэ маргааны үр дүнд дээрх геологчийн нэрээр Америкийн эх газрын 48 мужийн хамгийн өндөр 14,500 фийт оргилийг Мант Витней гэж нэрлэжээ.


 
Аваргын цом америкийн баруун эрэгт шилжлээ. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 31-05-2010 20:40



Aмерикийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн Кальфорн мужийн Сан Франциско орчмын Данвил хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Арван баг 3 хэсэгт хуваагдан хоёр өдрийн турш зэрэгцээ хоёр талбай дээр хурц ширүүн өрсөлдсөн тус тэмцээнд Оакланд хотын залуусаас бүрдсэн “Темескал Райдерс” баг түрүүлж аваргын цом алтан медалын эзэд боллоо. Удаах байрт Монголын бизнес эрхлэгч залуус, монголын хөлбөмбөг сонирхогчдын “Тайгер” лигийн шилдэг тоглогчид бүхий “Улаанбаатарын Барс” зочин баг орж хүрэл медалын эзэдээр “Бэй Аэриагийн Шонхорууд” баг шалгарав.

Аваргын цомыг өмнө нь Денверын “Алтан бөмбөг”, Ди Сигийн “Монгол морьд” тус бүр хоёр удаа авч байсан бол баруун эргийн монголчууд лигийн 6 багаасаа шигшин бүрдүүлсэн “Бэй Аэриайгийн Шонхрууд”, “Темескал Райдерс”, “Пасифик Маркетинг” багын аль нэг нь нутаг дээрээ авч хоцрох эрхэм зорилгоо ийнхүү амжилттай биелүүлэв. Тус тэмцээнийг зохион байгуулах эрх авсан баруун эргийн монголчууд Хөлбөмбөгийн зөвлөлөө шинэчлэн уралдаан тэмцээн удаа дараа зохион байгуулсны үр дүнд аваргын цомыг алдсангүй. Тэмцээний хагас шигшээд Бэй Аэриагийн 3 баг, Монголоос ирсэн зочин баг, мөн Вашингтон мужийн “Сиатлын Харцагууд”, Денверийн “Алтан бөмбөг” багууд тунан үлдсэн бол Чикаго хотын “БОСС”, Сакраменто хотын “Эрхэм”, холимог ододоос бүрдсэн “Мон-Юнайтед”, Вашингтон Ди Си-ийн “Монгол Морьд” багууд эхний өдөр дараалан хожигдож энэ удаа тааруухан амжилт үзүүлэв. Ялангуяа энэ тэмцээний хошой аварга “Монгол Морьд” медалгүй хоосон хоцорсон нь бусад багуудын ур чадвар дээшлэн жигдхэн өрсөлдөх хэмжээнд хүрсэний нотолгоо гэлтэй. 

 
Тоглолтын сугалаа гарлаа PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 29-05-2010 06:13


Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Баасан гарагийн орой тэмцээнд оролцохоор бэлэн болсон нийт багуудын төлөөлөл орсон техникийн зөвлөгөөн Данвил хотын Кортяард зочид буудлын танхимд 2 цаг орчим үргэлжилсэний эцэст багуудыг сугалааг хийж тоглолтын хуваарь бэлэн боллоо. Оролцогч арван багийг А хэсэгт 4 баг, B болон C хэсэгт тус бүр 3 багтайгаар 3 группт хуваан А хэсгийг холимог ододын МонЮнайтед баг, B хэсгийг Бэй Аэриагийн Шонхорууд баг, C хэсгийг ноднин жилийн аварга Денверийн шигшээ багууд толгойлон сугалуулхад тоглолтын оноолт дараах байдалтай байна.

 
Толь бичиг татах, toli bichig tatah English Mongolian dictionary PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Пүрэв, 27-05-2010 05:50
Харь гадаад үгийн утга санааг хөрвүүлэхийн тулд заавал том зузаан боть сөхөн тоостой хуудас эргүүлж суух шаардлаггүй боллоо. Онлайн ашиглан бас заавал инетрнэт холболт гэхгүйгээр зөөврийн компьютер, гар утсандаа татаж суулгасан программын тусламжтайгаар хүссэн цагтаа орчуулга хийх боломж бүрдсээр байна. Санал болгож буй энэхүү толь бичиг нь Babylon толь бичгийн санг хөрвүүлж авсан тул үгийн сан сайтай. Одоогийн байдлаар Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичгийг хөрвүүлж бэлдээд байна. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (99575 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Mart dictionary програмд толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь double-click буюу хулганаараа хоёр ойрхон дархад толь нь өөрөө автоматаар програмд нэмэгдэж орно. (Mart dictionary програмыг эхлээд суулгасан байх шаардлагатай).

Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана. Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Энэхүү толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачаална.


Толь бичгийн дарааллын дагуу хайлт хийх учир та хамгийн их хэрэгцээтэй толь бичгээ хамгийн эхэнд гаргаарай.
Mart dictionary дээр babylon -тай адилаар "ctrl + right mouse" дарж үгээ авч орчуулдаг (үүнийг мэдээж тохируулж өөрчилж болно). Толь бичиг дамнуулж хайлт хийх боломжтой Жишээ нь: Таньд Монгол-Хятад толь байхгүй бол  Монгол-Англи, Англи-Хятад толинуудыг суулгаад Монгол-Англи-Хятад гэсэн дамнасан хайлтыг ганц үйлдлээр хийж болно. Үг цээжлэх боломжтойгоороо бусад толь бичгийн програмуудаас давуу (Таныг ажлаа хийж байхад дэлгэцний доод буланд жижиг цонхонд санамсаргүйгээр үг солигдоно). Мөн Cyrillic to Unicode хөрвүүлэгчтэй, Англи үгийг хэлэх товч дарж дуудлагыг нь сонсож болно. Mart dictionary програм нь үнэгүй тараагдаж байгаа ба бусад програм дээр гардаг license-ийн тал дээр та санаа амар байж болно. Одоогоор өгүүлбэрээр орчуулах хувилбар нь хийгдэж дуусаагүй байгааг анхаарна уу?

За ингээд ийшээ орж хэрэгцээтэй онлайн толь бичигээ татаж аваарай, танд амжилт хүсье!

 
Долоо хоногийн дараа манай "дэлхийн аварга" эхэлнэ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Ням, 23-05-2010 08:56



Америкийн Монголчуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг Денверын монголчуудын "Алтан бөмбөг" клубээс санаачлан 2006 онд анх нутаг дээрээ амжилттай зохион явуулснаас хойш жил бүрийн 5 сарын сүүлчээр зохиодог сайхан уламжлал тогтжээ. Колорадо мужаас эхлүүлсэн энэхүү тэмцээний буухиа 2007 онд Чикагод, 2008 онд Вашингтон ДиСи-д, 2009 онд Денвер хотуудаар дамжин өртөөлөөд энэ жил америкийн баруун эрэгт айлчлан ирж байна. Хэдхэн хоногийн дараа Африк тивд анх удаагаа явагдахад бэлэн болоод буй алаг бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний өмнө америкийн монголчууд бид дотоодын "дэлхийн аваргаа" хийж байгаа тул хөгжөөн дэмжигчидийн хөл хөдөлгөөн, уухай түрлэг улам илүү байх нь дамжиггүй.



Багуудын хувьд тус тэмцээний хошой алт мөнгөн медалт Денверийн "Алтан бөмбөг", Вашингтоны монголчуудын "Монгол морьд" багууд мөн хошой хүрэл медалтай Чикаго хотын монголчуудын шигшээ баг зүүний магнайгаас нисэн ирэх бол барууны магнайгаас Сеатл, Лос Анжелесийн шигжигнэсэн залуус бүхий шигшээ баг, дээр нь Бэй Аэриачууд бидний хувьд зохион байгуулагчдад олгодог давуу эрхээ давхар эдлэн лигийн 6 багаасаа шигшэн бүрдүүлсэн спортын мастер Ц.Энхтүвшин аxлагчтай "Бэй Ариагийн шонхрууд", Энхээ ахлагчтай "Темескал Рийдерс", спортын мастер "теннисний" хэмээх Батжаргал дасгалжуулагчтай "Пасифик Маркетинг" багуудаа сойгоод байгаа. Хөрш зэргэлдээх Сакраменто хотын монголчууд хөлбөмбөгийн спортын дэд мастер Лхгваа ахлагчтай хашир туршлагтай тоглогчид голлосон өөрсдийн багаа дэмжихээр бүрээ бөмбөрөө бэлтгэж байгаа гэнэ. Мөн жил бүр Атлантын далайг даван Англи улсаас нисээд ирдэг спортын мастер Буман -Учрал "холимог одод"-ын "МонЮнайтед" багтаа хөлбөмбөгөөр хичээллэдэг бизнесмен залуусыг монголоос урьж хүчээ сэлбэн оролцохоор бэлэн болсон сурагтай.

Тэмцээний медаль цомыг монголд тусгайлан захиалж хийлгэсэн бөгөөд уламжлал ёсоор шилдэг тоглогчийг "Таван Цагриг Америкт" сонин, "Өсөх ирээдүйтэй залуу" тоглогчийг "Замдаан" сэтгүүлийн тусгай шагнал хүлээж байна. Мөн ивээн тэтгэгч олон байгууллагын шагнал урамшуулал бий. Одоогоор багуудын ерөнхий бэлтгэл нь хангагдан тоглолтын арга барил тактикийн хувилбарууд дээр голлон бэлдэж байгаа бололтой.

За ингээд ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр Бэй Аэриагийн Данвил хотын зүлэг ногоон талбайд эхлэхээр бэлэн болсон Америкийн монголчуудын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнд оролцогч багуудад спортын өндөр ажилт хүсье!
Бэлтгэлийн үеэр авсан фото сурвалжлага энд дарж үзээрэй. Америкийн монголчуудаа! жинхэнэ дэлхийн аваргын өмнө болж байгаа дотоодын "дэлхийн аваргаа" хүрэлцэн ирж хөгжөөн дэмжин нарлаг Кальфорнын наран доор хоёр өдөр хамтдаа хөлбөмбөгөөр амьсгалцгаая!

Д,Цэрэндорж

 

 
Монгол найргийн дээжээс PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 18-05-2010 18:34
 
SweetYmotion: Санахын аялгуу PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 17-05-2010 17:03
 
Аавтайгаа Авахуулсан Зураг PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Бишүүгарам   
Даваа, 17-05-2010 08:55

Он жилүүдийн тэртээ аавтайгаа авахуулсан гэрэл зураг миний ширээн дээр байдаг. Энэ зурагт үлдсэн мөчөөс цаашлах хийгээд наашлин ирэх дурсамжийн хэлхээнд  аавтайгаа байсан гэрэлт мөч бүхэн нүдний өмнө зураг шиг тодорном. Би аавынхаа хойно өмнө нь гарч гүйгээд, бид хоёр биенээ хөгжөөн инээлдэж, аав намайг дээр өргөж буулган хамтдаа явсан нэгэн агшин ихэд тод сэтгэлд минь үлджээ. Тэр үед хэдэн настай байснаа мэдэхгүй ч аавынхаа хайр энэрлийг мэдэрч эхэлсэн юм гэж боддог. Тэртээх өвлийн үдэд аавтайгаа нилээн хол явсан санагдана. Аав “хүү нарлуу хардаа” гэнэ. Малгайныхаа үсэнд тогтсон цан, гялтагнах цагаан хүүрэгтэй өвлийн тэнгэрт ёлтойх нарыг харах гэж би нүдээ онийлгон байн байн зогсоно. Ааваа нарны гэрэлд юу гялтагнаад байгаа юм бэ? гэж шалгаана. Төдөлгүй жаварт даарсан гараа сарвайж, бээрсэн болжмор шиг амьтан аавдаа очиж, илч хайранд нь дулаацчихаад ааваасаа түрүүлж гүйгээд л. Аз жаргалаар сэтгэл бүлээцүүлсэн зураг мэт бас нэгэн дурсамж. Намайг үүрэглэж бүдрэх вий гэсэндээ тэгж зугаацуулж явсан биз. Харин нар хичнээн гэрэл гэгээ, илчтэй ч таны өмөг нөөлгийг юу ч орлохгүй.


Сургуулийн босгоор алхаад удалгүй л үсэг нүдэлж, үг холбосны баяраа хийдэг дээ. Тэр баярын танхимд өрөөсөн гартаа малгайгаа атгаж сурагчийн цүнх сугандаа хавчуулчихсан ааваас өөр  бараа сүртэй  хүн байхгүй юм шиг харагдаж билээ. Аав нисэх гэж байгаа бүргэд шиг нүд нь гялалзаад тэртээ олны дундаас над руу өндөлзөөд байсан. Хүү нь үсэг болж бас унших бичиг номын дүрд тоглож тайзнаа гарч ирэн дуржигнуулаад байхаар хайр эгдүү нь хүрч ойрхон бол толгойг илмээр санагдаад л тэгж өндөлзөө дөө.

 
Дэлгэрэнгүй...
«ЭхлэлӨмнөх12345678910ДараагийнТөгсгөл»