Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр264
mod_vvisit_counterӨчигдөр611
mod_vvisit_counterЭнэ долоо хоног875
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар3450
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт176732

Сайтад холбогдсон

Одоогоор 6 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
ИРЭЭДҮЙД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ (найраглал) PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Р.Чойном   
Мягмар, 11-11-2008 18:47

Монголын ард түмний сод билэгт хүү Рэнцэний ЧОЙНОМ агсаны бичсэн нэгэн найраглалыг уншигч танаа хүргэж байна. Их найрагчийн хандан шүлэглэсэн ирээдүй хойч нэгэн үед амьдарч аж төрж яваа эрхэм Монгол хүн та энэ найргыг уншаад зүйл бүрээр хавчигдан зүдэрч явсан хэдий ч хожим хойно үнэлэн хэлэлцэх цаг ирнэ гэдэгт эргэлзээгүй үнэн сэтгэлийг нь ухаарах буй за.


ОРШИЛ


Битгий гайхацгаа!
Би ярьж байна
Хаяа нь үгүй жийдэг хөлтэй
Халаа нь үгүй өмсдөг костюмтай
Хамаа нь үгүй явдаг тавилантай
Халхын шүлэгч ярьж байна.

Шүлэгчийг эсгий гэрт төрүүлсөн 1936 он ярьж байна
Шүлэгчид эхний үсэг нүдлүүлсэн 1946 он ярьж байна
Шүлэгчийг шүлгийн ертөнцөд оруулсан 1956 он ярьж байна
Шүлэгчийг хүлгийн торонд оруулсан 1966 он ярьж байна

Санаанд үгүй
Сансрын од богино долгион шиг
Салхинаас ч юм уу, эсвэл чулуун дороос...
Сайтар сонсоод хойч үе минь
Энэ дууны
Эзэн нь хэн бэ? гэж
Эрсний хэрэггүй
Харин ойлгох хэрэгтэй

Би та нарын аав
Биений чинь
Ухааны чинь
Жаргал цэнгэлийн чинь
Эх ундраа болж
Энэ зуундаа төрлөө
Энэ зуундаа үлдэнэ

Өнөөдөр би дэргэдүүр нь
Өнгөрөхдөө толгой дохин мэндэлж яваа
Өчүүхэн бов бор бүсгүйгээс
Эсвэл цэргийн ансамблийн
Эртнээс миний зүсэлсэн
Эрэмгий маягийн хүүхнээс
Энхрий хайрын ууган дугараанаас
Хорьдугаар зууны далан хэдэн оноос
Хожмын их үе-та бүхний
Эх үүсвэр ч
Энэ биеэс минь
Тасрах юм билүү?

Жаргал алдар хоёрын
Холын барааг харсан
Жараад онуудын
Хог тоост гудамжинд
Тэнэсэн учирсан зуурдхан амрагийн минь
Тэврээд хоцорсон жаахан амьтнаас
Та нарын элэнц хуланц ч үүссэн юм билүү?
Ямар ч гэсэн мах цусны тасархай та нартаа
Яавч би өр төлөх, өв үлдээх учиртай гэж
Яруу найргийн үймээн аймаант талбарт
Ялагдаж ялж, ялж ялагдаж явна

Хуудасхан шүлгийн төлөө
Хувь заяаныхаа тойрог замаас гарч
Дэнгийн галд ордог эрвээхэй шиг
Дэг журмын галд хуйхлуулсан биений минь
Залуу насны минь цусыг
Хөгшрөх насны минь хөлсийг
Зарцуулж
Дусал дуслаар нь тоолсон
Зарим нь оносон
Зарим нь алдсан
Зарим нь бүүр түүр
Задгай шүлгүүд бол
Та нарын юм...

Та нарт өгөх миний бэлэг
Та нарын эрин үед төлөх миний төлбөр
Та нарын нийгэмд миний тавих
Тайлан илтгэл
Танилцуулах хуудас
Хөшөө дурсгал мөн!

Эгэл ардын эгэл шүлгэнд минь
Эсгэсэн оёсон гоёл байхгүй
Эрээлсэн будаг чимэг байхгүй
Эрээгүй бялдуучлал гүтгэлэг байхгүй
Энд миний дотоод ертөнцийн
Эхлэл төгсгөл
Эвдрэл хөгжил
Хур тогтоц бий...

Буруу ч бай! Зөв ч бай
Бусад хэний ч гаргаагүй
Будагтай
Будгий нь халцлаагүй
Миний өнгө бий
Миний шүлгийн цараа
Миллиметрээр ч юм уу
Километрээр ч юм уу
Нарийн өргөн ямар хэмжээг хамарсан байваас
Намайг харах телевизийн дэлгэц тэр!
Оршил буюу омгорхол дууслаа!
Одоо намайг харцгаа!


Нэг. МИНИЙ НЭР

Өвөг минь Монгол
Омог минь боржгин
Овог минь Рэнчин
Нэр минь Чойном

Хүрдний маани шиг энэ зургаан үсэг
Хүүхэд насанд сурагчийн ширээн дээр байлаа
Хүрэх насанд цалингийн цэсэн дээр байлаа
Хүлээх газрын цонхны тоосон дээр байлаа
Хүндлүүлж номын нүүрэн дээр
Хараалгаж ялын тогтоол дээр байлаа

Хүүхний аманд
Заримдаа тарни болсоор
Заримдаа хараал болсоор
Хүүхдэд нь овог болж явлаа
Хүнд цагт мөнгө нь болж явлаа
Хэрэгцээний бутархай мөнгө шиг
Хээгүй мөртөө чухаг нэр болж
Жараад оны эхээр Улаанбаатарт
Жаал хүүхнүүдийн халаасаар дүүрэн явлаа.

Хорих газрын хагссан залууст
Хоолны оронд хоол болж цайны оронд цай болж
Ганц номын минь төлөө хоёр залуу
Гараа тулгартал зодолдож байлаа

Оюутан дүү нар миний шүлгээр
Олон хавар исгэрч явлаа.
Олон үдэшлэг дээр миний нэр
Одтой барилдсан бөх шиг цоллуулж
Орох бороо шиг алга ташилтаар шагнуулж
Овоо явлаа.

Одоо ч хуучраагүй байна.
Олон арван, зуун, мянган жилийн хойно ч
Огцорч бүү хуучраасай гэж
Энэ зууныхаа нэрийн өмнөөс
Эрхбиш би хүсэх байна
Энэ нэр минь
Энэ биенээсээ
Илүү зам туулж
Их юм үзжээ.

Дэндүү олон захидлын дугтуйн дээр
Дэс дугаарын тамга шиг зуруулж
Дэржигнүүртэй хөдөө зам туулж
Дээлийн өвөр, пальтоны халаас, орны ширдэг
Дэлэвч, гуявч, алавчин завсар
Дэн дун нуугдаж

Алтай, Хэнтий, Булган, Завхан
Архангай, Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ
Ага, Иркутск, Казань, Праг
Алма-Ата, Дубровский, Москва, Варшавт
Харь түмний хэлийг
Хагас хугас хэлтчиж
Халх хүний мэндийг
Халуун сонорт нь шивнэж явсан
Хар багаасаа үсэнд буурал суутлаа энэхэн нэрээн би
Харамнаж явсангүй бас албадаж тараасангүй

Хувьхан биений минь зарлиг
Хутга, хадаг, чинжаал
Хундага, хаалга, дэнчин болсон
Хувиршгүй нугаршгүй энэ нэрийг
Хувааж идээгүй ташуур бамбай болгоогүй
Худалдаагүй, хугалаагүй бас чамлаагүй
Худал зусрын ширээн дээрээс хошуу цорвойсонгүй
Хурал цуглааны индэр дээрээс «хуцаж» явсангүй.

Гэгээн өдөр утасны харилцуурт хашгирч явлаа
Гэрэлгүй шөнө унтсан айлын үүдэнд хариулж явлаа
Гэнэ гэнэхэн рестораны ширээн дээр танилцуулж явлаа
Гэтэн мярааж үнэртэй хөнжлийн сэжүүр доогуур шивнэж явлаа

Балчир нялхдаа
Баруун сонортоо шивнүүлсэн нэрээ
Багагүй зовоолоо
Толгой дээрээ цементэн пайлуур дээр
Товойтол сийлүүлэх л дутуу бололтой.


Хоёр. ААВ БИД ХОЁР

Нэрийг минь хайрласан хүн-аав
Нэгэн биеийг минь заяасан хүн-аав
Нээгдэж амжаагүй өргөсөн цэцгийг орхиод
Нэн эрт явчихсан хүн-миний аав

Цанид номын таринын үсгээр
Цаст Гимилайг давуулан авчирсан
Хэн бүхэнд байдаггүй нэрийг баруун чихэнд минь
Хэ.Цэрэнсодном багш Гэлэгрэнцэн аав
Хэлж өгсөн юм, «Чойном» гэж.

(Санавал аав минь тэр зүгийн номонд
Саяхны оюутнаас арай дээр байсан байлгүй)
Сар жилүүд тэр үеэс хойш улирсаар
Сахал ургаж би гучин намрыг үджээ

Эргэж бодоход миний бага нас
Эрээн бараан болоод уйтгар гуниг ихтэй
Эрчилгүй нүүдлийн зэрэглээт зам дээр
Эрт өнчирч, орой бойжсон байна

Аав минь, хөөрхий аав минь
Амьдрал хэмээх сархдын
Алтанхан аягыг та
Арай эрт хөмөрч дээ

Эрт намайг орхиж
Ээжийг, дүү нарыг орхиж
Эдүгээ би орхисон настай чинь чацуу болоод
Энэ заримдаг шүлгийг хэлж сууна.

Алаг үрийн сэтгэл өвөрлөсөн болохоор
Аавдаа би эгэлгүй хайртай билээ
Анх үзсэн ертөнц минь гучин хэдэн он болохоор
Аав бидэн хоёр нэгэн гэрт багтсан үгүй

Эрхэлж суусан чулуун тоглоом дээрээс минь
Эцэг бид хоёр хоёр тийшээ явсан юм
Эргэж тэр хүн харсангүй, би ч харсангүй
Эргэж сүүлд нь харахад тэр хүн алга байлаа

Өмнөх үедээ би
Өртэй ч төрсөн юм уу
Сэлгэж үлдэх үеийнхэндээ аав минь
Сэтгэл дундуур байсан ч юм уу
Нарийн ширийн юмыг нь би ч залхуугүй сүйтгэж
Намайг эцэг минь ч ялгахгүй шийтгэж
Эцсийн эцэст цэрэг суран бүсний
Эр цунгийн зузаан хавдрууд үлдээгээд
Энэ биеийн минь долоохон насан дунд
Ээж дүү нарыг минь улаахан гачаал дунд
Эх орны дэлхийн дайны сүүдэр дунд
Гучин долоохон насандаа орхисон!

Тэр хүнийг байхад ач гавьяаг нь мэдсэнгүй
Тээршааж бараг ад үзэхэд бэлэн байсан
Тэнэг дуулгаваргүй балчир нас минь
Аавыг амьсгаа хураасан 1943 оны гантай намар
Алс өрнө зүгт Курскийн их тулалдаанд
Ажилчин тариачны хүүхэд
Аричуудын ган болд хоёрт хутгалдаж
Азай буурал Европ нойр хоолгүй чичирч байхад
Арай эртдэж хугацаа дууссан юм,
Адайр тэнэгхэн балчир нас минь.

Тэр хүнийг явчихаар ач гавьяагийн нь
Би ч ойлгосон юм,
Бишид нь ч ойлгосон юм.
«Тэнэгүүд амьд үлдэж
Цэцнүүд нь явчихаж дээ» гэж
Амьдад нь оролдож муулж явсан хүн
Алгаараа нүдээ арчсан гэдэг

Алган дээр нь
Арвайн үрэл чинээ доголон нулимс
Байсан ч юм уу
Байгаагүй ч юм уу, бүү мэд
Байсан л байх болтугай!

Харин тэр хүнийг явчихаар
Ханат гэрийн минь хоймор
Харлан хонхойх шиг болсон юм
Айл хот даяар тэр хүний
Аргилдуухан дуу нь үгүйлэгдэж
Айл хотлоороо өнчрөх шиг болсон юм.

Хээрийн бэлчээр сумын нутаг
Хээр морин дээр
Хэлтгийдүүхэн суусан тэр хүнээр дутаж
Хэсэгтээ өвөл болж өгөхгүй удаж
Мэгдрэхдээ
Мэнэрсэн тэнгэр
Манарсан газар хоёр
Мэгшин мэгшин уйлах шиг
Мичин жилийн их зуд болсон юм.

Байгаль хэмээх догшин эцэг
Баллуураараа
Балрын зуршил
Баячуудын омог, дээрэнгүй зан
Хоттой малыг нь
Хоёр зуун саяд хүрэг! гэсэн
Оросын тушаалтай хамт
Арчаад өнгөрсөн юм.

Адилхан дааруулж
Адилхан өлсүүлж
Одооны энэ нийгэмд
Овоо дөхүүлж өгсөн юм
Олоохон хүний
Омгийг дарж өгсөн юм.

Хүнийг муу хэлэх нь биш би ч гэсэн
Хүүхэд байхдаа
Олон удаа аавыгаа уурлуулсан
Одоо гучин жилийн хойно магтаж сууна.
Хаана ч гэсэн хэзээ ч гэсэн хэн ч гэсэн амьдад нь
Харааж хавчиж хардаж хазайлгаж хажуу бөөрнөөс нь
Ар хонгоноос нь улнаас нь ухаж ухчихаад
Үхэхлээр нь
Үүрд садаа болохооргүй болохоор нь
Өөрөөс нь
Талхыг нь идэж
Чадахаагүй болохоор нь
Өргөн олонд
Арай дөнгүүр
Харагдахааргүй болохоор нь
Ганц үгээр хэлбэл:
Магтаал
Газар авахгүй болохоор нь
Гай ч болохгүй
Нэмэр ч болохгүй болохоор нь
Гашуудаж
Газар хотойтол магтдаг юм байна

Үгүй!
Үхсэн хүнд нэхэж олгох
Үнэгүй алдар үнэгүй магтаал хэрэггүй
Үнэн л хэрэгтэй
Хүнийг, хэнийг ч гэсэн үхэхээр нь
Хрущев шиг авсыг нь ухахгүй л байвал боллоо!
(Чадалтай бол амьдад нь довтолно биз
Чадахгүй бол хохь нь)

Авсаа тонуулсан тэр сахалт хүн шиг
Аав минь тийм том гавьяатай ч биш
Нүгэлтэй ч биш
Амьтанд хал балгүй
Ард хүн байсан юм.

Хооронд маань яс хаясан тэр цаг үеийн
Хол явахгүй мунхруулал арилж
Хожуу би аавыгаа ойлгож
Хосгүй өрөвдсөн юм.

Аав минь эгэл нэгэн боловч
Ааваас цаашхи бүх үеийг харах
Аргагүй миний цонх
Тэр хүн байлаа

Тэр хүнээр би
Хорьдугаар зууны эхэн үеийг харж
Тэр хүнээр бас
Арван есдүгээр зууныг харж
Тэмцэл цөхрөл
Амарсанаа, Чингүнжавыг харж
Тэнүүн говийн ухаантан
Равжаа хутагтыг харж
Тэмүүжин, Аттиль эртний дорно дахиныг харж
Тив дэлхийнхээ үсэн дуурал эринийг
Хүн төрөлхтөнийг
Хүүхэд үетэй нь ойлгоном!


Гурав. ЗАЛУУ НАС МИНЬ

Өнцөг нь мөлийсөн хиртэй ёотонгоо харамнаж
Өсөхөд минь рахит улаан эсэргэнэ хатуу томуугаа
Өгч «гийгүүлсэн»
Өнөөх дайны хүнд жилүүд
Өнөөх зуд турхант өвлүүд
Өнчрөл нүүдэл
Өлсөх ядрах, бусдад ад үзэгдэх
Бас хүнд үрчлэгдэх бүгдээрээ нийлээд
Балчир насыг минь тас огтолсон юм.
Балчир насыг минь тас огтооод
Бага насыг минь алгасуулж
Залуу насыг минь хүчээр золгуулсан юм.

Гундуухан сэтгэл гандуухан цогцсонд минь
Гутал нь цоорхой, дээл нь ноорхой
Инээд хүрмээр тэр залуу нас
Уур хүрмээр эрт эхэлсэн юм

Уурлахдаа би
Уургаа дааж ядан явахдаа
Эрэгцээ моринд мордож явахдаа
Ус багатай худаг дээр
Цангасан мал цатгаж явахдаа
Урж идчих шахсан тахилчийн Очирын Бүтэдмаагийн
Уруул, үг хоёрыг тайлж ядахдаа
Увайгүй энэ хорвоогийн
Учрыг нь олж ядахдаа
Улсын нүднээс далд
Уйлж явсан сан

Эх орон минь феодализмаас
Капитализмыг алгасч
Социализмд орохдоо
Эхний үед ямар хэцүү байсан шиг
Эндэж гэнэдэж яаж будилж байсан шиг
Эсэргүүг өөрснөө гаргаж, өөрснөө дарж
Элдэв нугалаандаа төөрч үзсэн шиг
Энэ бие минь бас балчир наснаас
Бага насыг алгасч
Залуу настай золгохдоо
Эгээ л адилхан тэр бүхнийг
Эх орон
Эл бүгд Найрамдах улс шигээ амссан юм.

Хойт үеийнхэн та нарын
Хосгүй сайхан залуу нас
Диваажинд бүжиглэх болно
Өмнөх үеийнхний минь
Өнчирсөн залуу нас
Тамд бүжиглэсэн байна.

Харин миний залуу нас
Хаана ч биш
Завсарт нь бүжиглэнэ.
Хамгийн анх
Адам, Эва хоёр
Чармай нүцгэн бүжсэн
Хатуу байгалийн догшин дэвжээнд бүжиглэлээ

Харин хаш чулуун шалан дээр
Хөнгөн бүжгийн эгшгэн доор
Хасарваанийн дал шиг
Хөөрхөн бөгөөд сээтгэрхэн бүсгүйтэй
Хараалаа оросоор, яриагаа монголоор
Зарим зүйлээ
Францаар, немцээр, унгараар
Хальт мөлт ч гэлээ хэлж,
Хийж бүжиглэж явсангүй

Бүжиглэх зав тэгэхэд байсангүй
Бүрэнхий үүрээс
Бүрий шөнө болтол мал дагаж явлаа
Бүл чадал зааж
Эмнэг морь
Бахираа тэмээ
Цангасан үхэртэй л
Бүжиглэж явлаа.
(Бүжиглэх нь хат амь дүйж явлаа)

Айлын маань бөх Яндаа арслан
Азарганд чирэгдээд яс бүхнээ хэмхчиж
Амь голтой дөрвөн зуун дөчин нэг хоног
Амьсгаадан ёолон хэвтэж байлаа
Тэнэг Цог гуай
Тэмээнд тийрүүлчихээд цусаар бөөлжиж
Тэрнээсээ болоод улам тэнэг болсон гэлцдэг

Сүүлд том болохоор нь
Сүй тавина гэж үеийн бид хоорондоо шивнэдэг
Сүрхий хөөрхөн нэр нь Надмид
(Ум ма ний бад мий хум)
Сүүлэн завсар нь цулбуур орсон
Хангал азарганы булгианд
Наадмын уяа тойрсон
Нарийнхан халцгай зам дээр
Нам унаж гурав хоноод
Нартаас эрт хагацаж билээ.

Энэ мэтийн дунд залуу нас минь
Энд тэндээ малын хөлөөр тамга даруулж
Эмээж эрэмшиж эцэстээ ялж
Жинхэнэ залуу нас болсон юм.

Хөөрхий залуу нас минь
Хөгжилт ертөнцийн горьтог алхаж
Хөл тавихаасаа өмнө
Хөдөө хөхөрч гадаа гандаж
Хүлэг морины хур дэлэн дээр
Хөх монголын хөх туг шиг явлаа.

Би харуусдаггүй юм
Битүүхэн бахархаж явдаг юм.
Энэ залуу нас
Эргэж ирэхгүй! Гэхдээ

Өөр ямар ч насны
Ямар ч үеийн
Ямар ч хүний
Өгч чадаагүй бүхнийг
Өгөөд явсан юм.
Өөрөө яруу найраг болж
Үүрд согтоож өгөөд явсан юм.


Дөрөв. ШҮЛГИЙН ТУХАЙ ШҮЛЭГЛЭЛ

Шүлэг минь!

Эзгүй хээрээс аваад
Юугий нь ч таниагүй
Этгээд содон өнгөтэй
Нутгийн минь чулуу билээ

Шүлэг минь!

Эмтэлж чухам
Юу хийхээ мэдээгүй
Эвлүүлж хийснээ
Хэнд өгөхөө олоогүй эрдэнэ билээ

«Эд мэдэхгүй хүн
Эдийн нэр гутаадаг» гэж
Эцэг өвгөд сургасан буй
Эрдэнэ, үүнийг таних билгийн нүдэн балай
Эрхмүүд авья авч зүрхэлсэнгүй

Байя, байж чадсангүй
Эрдэнийн оронд эвэр туурхан
Цуглуулахыг нь харваас
Эрхий гурав ороох сурнаас ч
Үнэ багатай төрсөн байнам, зайлуул даа!

Шүлэг минь!

Эр биений минь эн заримдаа дутах
Эмээл хазаарын минь сур заримдаа дутах
Эмнэг хангал хар морин байнам

Буянт малын сүүг амласан
Буурлын заяат сүн далай шиг талын
Өлзий хутаг орших зуны тэргүүн сарын
Өлөн үнэг төөрөм хөлчүү харанхуй шөнө шиг
Хилэн хар зүстэй энэ «морины»
Хирийн хүний хүү тэсч тогтомгүй булгианд
Арван гурван жил чөмөг дундраан булгиулсаар
Амтагдсан цус
Асгарсан хөлс
Алдсан цаг, олдсон олз
Ам булаалдан хатирсан
«Жонон харын явдал» болсон

Аяа миний шүлгүүд

«Чөдрийн ганц морь цагаан байдаг» гэж элэнц минь ярьжээ.
«Чөтгөрийн ганц гал хөх байдаг» гэж хуланц минь хэлжээ.
Чөмгөө дундрааж унасан хилэн хар мориндоо би хайртай
Чөлөө цаг, хилэн хорсол, баясал, бясалгал
Цөм түүнд бий!
Цөхрөл ухрал хоёроос бусад нь
Цөм миний шүлгэнд бий!

Би номтой хүн
Биеэ магтах эрхтэй
Биеэ яллах ч эрхтэй
Бишдэд өгч хоолонд нь залгуулж явснаас
Бишдээс гуйж авч яваагүй
Би баян хүн.

Гэхдээ би ядуу хүн

Гэмгүй үгээгүй ядуу ард!
Гэгээн цагаан өдөр уулын ам Туулын хөвөөнд
Гэрэлгүй шөнө Ленин клубийн арын цэцэрлэгт
Баганын дэнлүү бараадан
Эгээ л эгэл эрвээхэй шиг зүдэрч
Эрвээхэй шиг бас дураараа сэлгүүцсэн
Энэ биенийхээ хур хүчийг
Эрээн цаасанд шахаж шүлэг болгон үлдээсэн юм.

Өндөр сууцны тагтан дээр
Өмдний халаасанд цагаан гараа дүрж тамхи савсуулан
Өехий цагаан цатгалан тас шувуу шиг зогсож
Өглөө, өдөр, үдэш гурав хооллодог

Хоногт гурав идэж байгаа тэр хоолыг нь
Холын бэлчээрт
Миний ээж
Миний ах
Миний дүү
Хоол нойр жаргал цэнгэлээ огоорон явж
Хонь үхэр болгон өгдгийг мэдэх ч үгүй

Тэгсэн мөртөө бас
Тэмээний мах
Адууны мах
Ямааны мах
Зохихгүй гэдэг
Зоолсон өөхөлсөн
Уураг тархи нь хүртэл
Усан тарга суучихсан зарим хүн шиг

Шүлгээ би тэгж бичээгүй
Шүлгэндээ тэдэн шиг
Сул цогцос
Сул зогсолт
Шүлс, худал магтаал
Мөнгөний луйвар
Хадгалаагүйн учир
Шүүн тунгаах ирээдүйн өмнө би
Хэрэгтэн шиг биш харин бүртгэгч шиг очно.

Олон түмэнд хэрэгтэй жинхэнэ шүлгийг
Оролдох нэг өөр
Орлого зарлагын
Ордер шүлэглэх нэг өөр
Олхиогүй шүлэгчид харин
Олзондоо овсгоо ихтэй онцлог нь түүндээ бий
Одоо чинь хэдэн сарын хэдэн билээ?
Ойрмод тэмдэглэлт өдөр юусан билээ?

Эхнээр! Гурил, цай, давс, тамхи юу болж байна?
Энэ сарын бөгсөнд хэдэн төгрөгний хэрэгцээ байна? гэж
Редакторуудаас авах мөнгөнийхөө тоог
урьдаас урдаа бичиж тавьчихаад
Мөнгөндөө
Мөрийг нь тохируулж
Мөлийсөн
Гахайн хоншоор шиг шүлэг бичиж
Өөрийгөө зохиолч гэж нэрлэдэг
Өрөөлөөр гуйж байж зохиолч гэж дуудуулдаг
Барагтайхан ойтой
Багынхаа зарим найзуудын
Балиар замаар
Эхнээсээ би яваагүй

Энд шүлэг бидэн хоёрын
Эрэмшиж танхайрвал зохих
Эршүүд өөрийн онцлог оршино.

Түүнээс биш би
Түүхэнд онцгой
Их яруу найрагч биш
Түлээ мод шиг хямд
Бага яруу найрагч ч биш
Түмнийхээ төлөө л чадахаа дуулсан
Чармаа нүцгэн шүлэгч!

Шүлэгч болохдоо би
Хэнийг дуурайя даа гэж
Шүлсээ алган дээрээ хийж мэргэлээгүй
Шүлэг рүүгээ би биш
Шүлэг над руу ирсэн юм.

Магадгүй ээж минь намайг шүлэгтэй цуг
Манцуйлж бүүвэйлсэн ч юм билүү?
Аав минь цэрэг суран бүснийхээ айзмаар
Арьс маханд минь шингээж өгөөд ч явсан юм билүү?

Ямар ч гэсэн энэ хэдэн насанд
Ярдах хавчигдах гачигдахын цагт
Ядуухан мөстэй найзууд үргэсэн шувуу шиг
Явчихын цагт
Яруу найраг минь надтай хамт үлдэж
Ялтны алаг цамцан дор надтай хамт дуудагдаж
Агуу их хорьдугаар зууны хойт хагаст
Адууны уушиг булаалдаж явлаа!

Халуун амьсгал, бүлээн хүсэл шингэсэн шүлгүүд минь
Халамж дутлаа гэж
Хааяа хувиа бодож наргилаа гэж
Хартай хуйсгануур эхнэр шиг
Хамаг юмаа шидэж
Сална сайдна гэж гоншгоносонгүй

Элбэгжүү дэндүү задгай шүлгүүд минь
Эзнийгээ дээшээ нүүр тал өгөхгүй юм гэж
Эхнэр зангаар үглэсэнгүй,
Эрх хүүхэд шиг уйлагнасангүй,

Хатууг хамт тууллаа.
Хамт од шиг мандаж
Мод шиг гандлаа
Одоо боллоо!

Орчлонгийн их яруу найргийн
Оройд нь гараагүй ч гэсэн
Оногдсон бие заяасан савныхаа хэрээр
Оргилдоон би гарлаа!

Ардын хүү Равжаа хутагтын
Архи, шүлэг хоёроор сэржим сацаж суусан
Алдарт оргилд нэгэнт гарлаа!
Найраг шүлэг минь
Надаас илүү зовлон үзлээ

Өдрийн од шиг цөөхөн удаа
Сонины хуудсанд цовдлуулахдаа
Өөрөөс минь илүү
Тахир дутуу болж явлаа.

Бусдын турхиралтаар
Бууны нохой шиг дайрсан
Бурангуй харлаган шүүмжлэгчийн
Буудсан сумны шарх шүлгэнд минь бий
Бузгайрхаж тэврэх мөртөө
Буруу гараараа нуруу руу нь дүрсэн
Найзын хутганы сорви
Над биш шүлгэнд минь бий.

Хэрэв ухаантан олны өмнө
Хэн нь чадалтайг үзье гэж
Хэдий хугацаанд бүтээх нь вэ харъя гэж
Хэрэг болгож шатрын аварга шалгаруулдаг шиг
Одоогийн маань их нэртэнгүүдтэй
Олон янзын шагнал, чимэгтэнгүүдтэй
Халз тулж суулгаад
Харанга цохиж секундомер тоолж эхэлж гэмээнэ

Хаа ч очиж миний шүлэг айхгүй,
Харин ч баярлах болно!


Тав. ҮНЭРТЭН, ОО ТЭРГҮҮТНИЙ ТУХАЙ

Үнэртэй ус, нүүрний тос, оо
Үсний, хөмсөгний, уруулын будагнууд
Үй олон хавчаар, зүү, пигүүж, тор
Хөхний даруулга, хөлийн эвэр, хөвөн, хөө
Эмэгтэй хүнийг орлож ой тойнд минь үлджээ.

Эдүгээ, бичгийн ширээн дээр
Элдэв шүлгийн завсарт,
Элэгдсэн хөнжил,
Эргэнэгэнд
Энд тэнд
Эгээ л энэ
Эм хүний өвөрмөц ертөнцийн үнэр
Байсаар байна.
Харин эзэд нь
Байхгүй байна.

-Хаачсан бэ?
-Харьсаан.
-Хариад яасан бэ?
-Хадамд гарсаан...

Мөнгөний гүйлгээ шиг
Мөнхийн хөдөлгөөн дунд
Эмэгтэй хүний нас бие
Элэгддэг байна.

Тэдний нас богинохон
Тэр дундаа залуу нас нь бүр ч богинохон
Богинохон чөлөө авсан цэрэг
Болж өгвөл олоохон айлаар орохсон гэдэг шиг
Богинохон залуу насандаа
Болох болохгүйг гүйцээхсэн гэж
Орчлонгийн халуун шөнүүдийн
Оломгүй цэнгэлд ганц цадаж үзэхсэн гэж
Яардаг ч бий л биз

Яараад даардаг ч бий л байх
Яая гэхэв

Хүний хүслийг хүлж болдоггүй юм
Хүүхнүүдийг би муу хэлэхгүй ээ.
Хүслийг маань хангах гэж
Хүчээр давуу эрчүүдийн ухамсаргүй ертөнцөд
Хүн шиг ирээд нохой шиг хөөгддөг, эсвэл
Хүнд эх шиг нь итгэж ирээд
Хүүхэд шиг хууртаж үлддэг
Хүүхнүүдийг би муулж чадахгүй.

Тэгсэн байтлаа би
Тэр л замаар явжээ.
Явж байгаа галт тэрэгний
Яралзсан олон дугуй дотор
Ганц дугуй гэдэргээ эргэх гэвэл юу болох вэ?
Гал оч бутарч
Ган төмөр гурил шиг мушгиулж
Гаргуундаа гараад
Газрын хэвгийд хаягдаж зэвэрч
Дахиад шороо болно
Даяар олныг тэгэхээр
Дагахаас өөр яах вэ
Дагахгүй гээд хагацахаас өөр яах вэ

Гунхсан сайхны нь биш ч гэлээ
Гутлаа чирсний нь биш
Гундаа нь үгүй цэцэг шиг л цэцгийг
Гуйж аваад зугатааж хаяжээ.

Хэрэлдсэнгүй
Зодолдсонгүй
Хардсангүй
Голсонгүй

Хэн хэнийгээ амьтанд муу ярьсангүй
Би ч гэсэн тэд маань ч гэсэн
Бильяарданд цаг тооцсон юм шиг
Тооцсон цагтаа
Тоглосон шиг тоглочихоод
Тоот цагаа дуусахаар хоёр тийшээ явжээ.

Үнсэж байсан үнсэлт нь
Үнгэгдсэн дэрэн дээр
Үерлэж байсан хүсэл тачаал нь
Үрчийж наалдсан даавуун дээр үлджээ.

Харж байсан толины нь хагархай
Хадгалж байсан захидлын нь тасархай
Хар үсний нь сэв
Харандаан будаг, фунтны бортого, пудрийн цаасан хайрцаг
Ханзарсан таавчиг, торгон оймсны түрүү, бас би үлджээ.

Хээнцэр цэнгэлийн нь алтан өдрүүдээс
Хэрэггүй нь ингэж үлджээ.
Биеийг нь халамжилж, хайрлаж, өхөөрдөж байсан
Бие биений нэгэн хишиг нэгэн эрхтнийг
Бишгүй хайрлажээ.

Баярласан! Гэвч
Бичсэн шүлгийг минь над шиг хайрласангүй
Харин шагналыг минь хайрлажээ.

Хайр гэдэг нүдгүй юм
Хамгийн наалинхай атлаа
Хатуу юм. Харгис юм.

Нэг нь нэгийгээ хайрлан дурлав гэдэг
Нэрийн доор өмчлөөд авчихдаг
Авсан хойноо
Анхаарал нь сулран суларсаар
Айл хэмээх хувийн өмчит хуучин ертөнцийн
Авгай хэмээх амьд өмч

Эрээн платьтай тэрэгний гүү
Эдлэл буюу амьд үзүүлэн болгож
Зочид ирэхэд үйлчлүүлдэг
Зоог бэлтгүүлж ор засуулдаг
Зочныг явахад үдэж
Зоргоороо тарьсан хогий нь цэвэрлэж
Айл өрхийн нэр төрийн
Алдааг хариуцдаг ололтыг харин
Хариуцах хувьгүй
Хагас эрхт хагас хүн!

Эрцүүлээс илүү хүнд ачааг үүрч
Эгэл айлын нэр төрийг өргөж
Сав бариад хоршоо руу гүйдэг
Саван бариад хуучин хувцас угаадаг

Үдэш сүүлд нь унтаж
Үүрээр түрүүлж босоод
Гал тогоо хариуцаж
Гарч орохдоо шалгуулж ам өчгөө өгч
Шартахад түмпэн тосоод сууж байх үүрэгтэй
Шал угааж жорлон цэвэрлэж хүүхэд асрах албатай

Эхнэр хүн гэдэг
Энэ байна!
Ийм байсан гэдэг
Ийм л байна.

Өмсөх хувцас нь өөрчлөгдсөнөөс
Өөрөө
Өөрчлөгдөөгүй
Ажилчныд ч
Албан хаагчийнд ч
Авъяастан, эрдэмтэн, сайдынд ч
Адилхан!
Эхнэр хүн гэдэг
Эрх чөлөөний ярлык зүүсэн
Ийм л нэгэн байна.

Бусдаас би илүү биш
Бусдаас би дутуу биш, гэвч
Өөрийн минь сэтгэл
Яруу найрагчийн сэтгэл учраас
Өрөвдөөд бүсгүй хүнийг
Өмчилж чадсангүй
Өөрснөө ч тэд хөөрхийс дөө
Өөрөөр байж сураагүй байна...


Зургаа. ИНЭЭДЭГ ХҮМҮҮС

Орчлон амьдрал маргааш цөм
Ойрхноос, бүр дэргэдээс бүгд
Ондууцаж, над руу нүд үзүүрлэж байхад
Олны дундаас намайг хармагцаа инээдэг хүмүүс бий

Ирээдүй өнөөдөр өнгөрсөн алины нь ч
Илэрхий үнэн, далд нууц юугий нь ч
Ихээр ч, багаар ч мэдээгүй хэвтэж
Их юм болж, жижигхэн тохиолдолд хошигнож байхад
Инээдээ үнэ цэнгүй хайрладаг тийм хүмүүс бий.

Танихгүй байхад тэд
Танилцая гээд тал өгч
Тал биш бүтэн сар шиг малийтал инээгээд ирснээ
Танилцаад таван сар, таван жил
Арван жил (арваас цааш харин үгүй)
Аргагүй сайхан инээж явах юм.

Салья гэж салаагүй
Салаа замын эрхээр салахдаа ч
Санамсаргүй миний эсрэг талд зогсохдоо ч
Сайхнаас сайхан инээсээр билээ.

Инээж ирээд
Инээж одсон тэдгээр хүмүүсийн
Инээсэн гэрэл зургууд над үлдсэн байна.

Миний нөхөд...

«... Нөхөд гэдэг ч дээ хаашаа ч улс юм бэ» гэж
Зуун хорин жилийн өмнө Пушкин хэлсэн юм.

Гэвч

Найз нөхдийнхөө сайн мууг би цэгнэхгүй
Надаас тэд илүү юу дутуу юу гэдгийг би хэмжихгүй
Нарийндаа тэдний зөв үү, буруу юу гэдгийг би дүгнэхгүй
Аяндаа цаг хугацаа хэлж өгнө
Алсдаа хожмын ач гуч та нар тогтооно

Гагцхүү, энэ л хүмүүсийн хүчээр би
Гар хоосон ч сэтгэл дүүрэн инээж явлаа!
Эхнэрт өгөөгүй, хүүхдэд орхиогүй итгэл, сэтгэлийг
Энэ л хүмүүст өгч явлаа. Өгөх ч ёстой юм!

Надаас тэд юу олсныг би мэдэхгүй
Найз нараасаа би их юм олсон, их юм сурсан!

Угтаа тэд байхгүйсэн бол
Урагшаа миний шүлэг хэзээ ч алхахгүй, ахихгүй
Ус байхсан биз.
Усан шүлэг бичдэг «мэргэжлийн» хүмүүс бодвол
Ухаан сэтгэлийнхээ чилээг
Уудлан гаргаж, хуучлан сууж
Ууж идэж
Уруу татаж, бас өөд татаж чадах
Анд нөхөдгүй
Амиа тээсэн хүмүүс байдаг юм байлгүй

Надад бол нарийлаад ах дүүдээ зориулаагүй хөрөнгөө
Найз нартайгаа хуваагаад найм, ес, ная ерэн шил архи болгоод
Ууж шартаж унаж тусч
Улсад муу хэлүүлээд өөрөө цэнгэсэн нь
Хамгийн эрхэм жаргал байлаа.

Хамаагүй энэ буруу ч гэлээ
Харахад эвгүй ч гэлээ
Хайран ч гэлээ
Хамаагүй

Гэтэл эхнэр маань
Гэмт этгээд гэж хуруу даран тоолох болбол
Хамгийн түрүүнд миний
Хамгийн дотно найзыг нэрлэдэг

Бас тэгтэл эхнэр маань
Байшингийн хөлс тушаах, шинэ гутал авах
Эсвэл
Гадаа, хөдөөнөөс хүн ирэх, явах ч юм уу
Гарын бэл дутаж цаас зээлэх хэрэгтэй болбол
Хамгийн түрүүнд миний
Хамгийн дотно найзыг нэрлэдэг

Гэмт хэрэгт орохоор цагдан сэргийлэх
Гэр орноос гадна найз нарыг давын өмнө данслаж
Гэтэж шиншилж муу санадаг
Гэтэл гавьяатай яваад үхсэн хойно
Найз нөхөд нь үнэд орж
Наана цаана элдэж сурвалжилж
Өчүүхэн дуртгал, гэрэл зураг, захидал мэтийг
Өндөр үнээр гуйж авдаг
Өөрснийг нь бас хэвлэлд гаргаж
Өргөж сэлбэж мандуулах гэдэг

Анд нөхөд гэдэг тийм аж.
Алтан дэлхийд хүн сүүдэртэй байдагчлан
Ан гөрөөс араатан хүртэл сүрэглэн явдаг
«Адгийн өмхий хөвөл» өвс хүртэл
Арав хориороо бүүрлэж ургадаг
Амьдралын ёс тийм аж.

Найзыг минь цаг эриний шалгалт
Сайн хүн гэж үнэлэхэд би гайхахгүй
Над тэр хүн хатуу орчлонд
Түшиг минь болж явсан хүндэт хүн.

Бас

Найзыг минь цаг эриний шалгалт
Муу хүн гэж дүгнэхэд би гайхахгүй
Намайг бас дайснаас минь илүүгээр
Гомдоож хуурч явсан хилэнц бий!

Харин хаа хожмын ухаантан хүмүүс та нарт
Хандаж нэгэн зүйлийг гуйх минь
Хатуу шоронгоос хагацаад
Хүний нүүр яаж харьяа гэж явахад минь
Хашгираад
«Чи минь амьд уу» гэж тэврэн тэврэн уйлсан
Халхын шүлэгч нэгэн бүсгүйг та нар дурсаарай!

Хамаагүй тэр хүн алдаа алдсан ч байг
Хамаг цагаа уран бүтээлдээ зориулаагүй ч байг

Бүү зэмлэ!
Бүсгүй хүн
Бүстэй хүнээс илүүгээр
Энэ цагт зүрхэлж
Энэ биеийг минь
Энэ ой ухааныг минь
Илэрхий хүндэлж чадсан нь
Их гавъяа мөн!

Бас миний хойноос сэтгэлээ чилээж
Бараан харанхуй тусгаар ертөнцөд соёлоор намайг тэжээж
Санаа алдан байж харууслын шүлгээ надад зориулж бичсэн
Сайнаас сайн шүлэгч хүүхнийг битгий мартаарай.

Хоёулантай нь хонгор сэтгэл хэлцээгүй
Хожим ч, одоо ч хэлцэхгүй
Холхон дассан
Хол мөртөө ойрхон дассан
Хос одон энэ байна.

Сумын бяцхан төвд
Суугаа багахан өрөөнд
Дэлхийн сонгодгуудын хөргөөс
Дээгүүр эс ч дэргэд нь
Эрхэмлэж өөрөө би зурсан
Энэ хоёрхон хөрөг байна.

Энэ хоёрхон хөрөг цагийн уртыг туулж
Эсэргэн зууны та бүхэнд хүрэхгүй ч гэсэн
Алаг зүрхэн дотроо нөхөр ёсны хайраар
Алтаар биш цусаар зурсан хөрөг
Аргагүй үлдэнэ.

Эхлэхээсээ би
Эхээс гарахдаа
Энэ дэлхийн шилдэг хүмүүстэй нөхөрлөнө гэж
Эн сацуухан ижил сайчуултай найзлана гэж
Өргөсөн тангараг байхгүй
Өөрөө би ямар ч хүн билээ

Өөрөөрөө бусдыг жишиж боддоггүй ч гэсэн
Өндөртэй намтай
Өргөнтэй нарийнтай
Өөдтэй уруутай байж
Амьдрал дэлхий орчлон бүрддэг байна
Амьдралын хүнийг үл уйсгах чадал
Амт нь өнгө нь үүндээ бий болов уу
Анд нөхөд минь инээж инээлгэж яв даа!


Долоо. АМЬДРАЛ

Амьдрал гэдэг
Аугаа их юм
Аугаа их юм мөртөө бас өчүүхэн юм
Амьдралыг хүмүүс
Ажиглахдаа
Амсахдаа
Авахдаа

Улсын их дэлгүүрт орж байгаа юм шиг
Уран зургийн музей сонирхож байгаа юм шиг
Ундааны газар ууж байгаа юм шиг
Уншлагын танхимд сууж байгаа юм шиг
Өөр өөрийнхөөрөө өнгөрөөх юм
Амь аминыхаараа амтлах юм.

Амьдрал гэгчид үргэлж л өгч явдаг хүн байх юм
Амьдралд зүггүй хүүхэд шиг хандаж тас алгадуулаад
Ахиад л бас мартаж дахиад л бас алгадуулсаар
Зовлон жаргал хоёрыг ялгахаа байчихсан
Золбин нохой шиг хүн ч байх юм

Амьдралыг айлын жаал бүсгүй шиг
Өдөр болгон мэхлэх гээд
Өвгөртлөө өөд нараа харалгүй
Өнгөрөх хүн ч байх юм

Амьдралыг аманд маань өөрөө ирж
Амтатныг хийж өгөх байх гэж
Алцайж хэвтсээр арчаагүй ядрахын туйлд хүрээд
Ахиад сэхэж, сэрвийж чадахгүй
Тэртээ ёроолд нь хорхой мэт өнгөрдөг хүн ч байх юм

Хүн ер нь амьдралыг
Хүчээр захирсан нь үгүй захирагдсан нь олон бий
Жаргалтай өдрөө амьдралыг ерөөсөөр
Зүдрэлтэй өдрөө амьдралыг хараасаар
Зүхэж зарим нь тангараг тасарсаар
Зүтгэж зарим нь найзалж зэрэгцсээр

Өөрийгөө эцэст нь
Өгч төгсдөг байна
Харин би эцэст нь биш эхэнд нь
Хар толгойгоо амьдрал танаа тушаасан билээ.

Усы нь ууж, талхы нь идсэн энэ нийгмээ
Улс Монголоо, төр засгаа ард олноо
Би муулахгүй!

Бишгүй жаргасан цэнгэсэн танхайрсан!
Бусдын эдэлдэггүйг эдэлж иддэггүйг идээгүй ч гэсэн
Бусдын эдэлдгийг эдэлж иддэгийг идлээ
Бусдын явсан газраар явж олсныг оллоо
Бусдын яваагүй газраар ч явлаа
Олоогүйг ч оллоо

Одоо боллоо!

Бас зовж үзлээ
Багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ
Харин гунихарч үзсэнгүй
Хаа ч очиж сэтгэлээр унаж няцаж явсангүй
Харсан зорьсон итгэснээсээ
Хазайж ухарч байсангүй

Гэтэл гэргий ёсолж аваагүй
Гэргийдээ үйтэнхуар өмсгөөгүй
Гэртээ хивс олж тавиагүй хүнийг
Амьдарч үзээгүй хүн гэдэг юм бол
Аргагүй би амьдарч үзсэнгүй

Гээд би харамсахгүй
Гэр маань хоршооонд
Гэргий маань төрхөмдөө намайг хүлээж байгаа биз

Би өөрөө
Бичгийн ширээнд сууж байна

Дээр нь бэхний цоохортой
Дэргэд нь архины толботой үзэг, будаг, хутга
Өнцөг дээр нь ном бичиг цаас
Өрөөстэй энэ ширээ
Өөдтэй залуу явахад минь
Өнгөтэй үзэмжтэй эхнэр минь байлаа
Өсөхөөс өтлөх насанд минь
Өргөө гэр
Өмч хөрөнгө
Өндөр их хаан ширээ минь болсоор ирлээ

Энэ ширээн дээр би дуулж ч суулаа
Энэ ширээн дээр би уйлж ч суулаа
Энэ ширээн дээр би шүлэг хэрхэн бүтэхийг мэдэхгүй хөвүүн ирж байлаа
Энэ ширээн дээр би шүлэггүй хэрхэн амьдрахыг мэдэхгүй өвгөн буцна аа
Эр ганцхан нас минь
Энэн дээр ургаж
Энэн дээр унах ганцхан жаргал байна
Эцэс хойчийн хүн төрөлхтнийг
Энэн дээрээ урих
Энэн дээрээ ярих
Гавьяа мөн байна

Тааруухан хүн энд
Таван үг ойлголцохоосоо
Тамхины иш овоололцоод өгсөн ч юмгүй авсан ч юмгүй гардаг юм
Таарамжгүй шиг хүүхнийг ч бас
Татаж үзээд, түлхэж нэг үзээд
Тамхины иш шиг энэ л ширээнээс үүд рүү нясалж суулаа.

Амьдарч би үзээгүй байж болно. Гэвч
Амьдралыг би үзлээ.
Амслаа. Харин

Авсангүй, өглөө.
Амьдралд минь уртаашаа энэ бичгийн ширээ минь байлаа!


Найм. МИНИЙ ШҮТЭЭН

«Галав, Шанхын говьдоо
Гандаа нь үгүй Торой
Ганжуур, данжуур байвч
Шүтээ нь үгүй Торой» гэж
Гасалж бахархаж дийлж, дийлдэж үзсэн
Эцэг өвгөд минь
Эмэг ээжүүд минь дуулж үлдсэн
Шилийн богдын хярд
Торой банди шиг яваагүй ч
Шилэн цонхтын дээд давхарт
Торойж заримдаа явсан
Шүлэгч миний бие
Шүтэх сөгдөх юмгүй
Дураараа өслөө!

Дураараа өтлөе!

Шүтээн гэвэл ганцхан ээж минь билээ
Шүдээ, үсээ, насаа ганцхан миний төлөө
Үрээ өсгөх золиос татварын зоос мөнгө шиг
Үгтээж, унагаж хороож өгсөөр
Өнөөдөр намрын навч шиг болсон
Өчүүхэн шар ээж минь байна
Өөрийн минь шүтээн энэ байна
Өөр юунд шүтэх билээ?

Хүний гараар л бүтдэг юм бол
Миний гар яагаад бүтээж чадахгүй билээ гэж
Хүний хүү л явсан зам, хүрсэн оргил юм бол
Миний бие яагаад явж хүрч чадахгүй билээ гэж
Омгорхож өссөн сэтгэл зүрх минь
Одоо ч хэвээрээ байна
Оролдож байна

Очно оо!

Харин түүхийн хуудсанд алдар их нэрээ
Хадан дээр цаасан дээр зүрхэн тольт дээр сийлж үлдээсэн
Газар газрын олон хүнийг би
Гайхаж бахархаж явдаг юм
«Иллиада», «Одисей»-г цээжээр зохиосон гэлцдэг Гомер өвгөнийг
Ингэж үеийн үед амьд үлдэж чадсанд нь би гайхдаг
Египитийн долдугаар Клеопатро хатан хаан
Римийн Цезарьтай нөхцөөд
Ид гучин есөн насандаа үхэж чадсанд нь би гайхдаг

Алс Македоны Сулхарнай жанжныг байлдан дагуулалтаар нь биш
Александр хотыг элсэн эрэгт байгуулсанд нь бахархдаг юм
Ах дүү мажаарын хөгжмийн зохиолч Кодайг хөгжмөөр нь биш
18-тай охиныг наян насандаа гэргий болгож авсанд нь бахархдаг юм

Тэнгэр сансарт харвах пуужин хөдөлгүүрт шүтсэн Циолковский
Тив алдалсан өртөө улааг үүсгэсэн Өгөөдэй хаан хоёрыг
Тэнцүү гавьяатан гэж хувьдаа би үнэлдэг юм
Тэмцэж чадсан явж чадсан ядарч ч чадсан
Тэмүүжин, Ленин хоёрыг хутгаж холихгүй ч гэсэн адилхан би хайрладаг юм

Аглаг ойн модчин байгаад бөмбөрцгийн талыг захирсан
Авраам Линкольныг би бахархдаг юм
Айлын зарц байгаад дэлхийн аварга болсон хасгийн хүү Хомей Мухааныг
Аргагүй би хүндэлж хайрлаж бахархдаг юм

Инжинашаас Дулдуйтын хүү Равжааг
Илүү гавьяатан гэж боддог. Харин
Сталинаас Хрущев гуайг
Илүү гэж тун хэлж чадахгүй
Оросын шүлэгч Жуковский байгаагүй бол
Онцын алдраар Пушкин тэгж мандах ч байсан уу?

«Оюун түлхүүр», «Эрдэнийн эрхи», «Нууц товчоо»-г бичсэн Монгол овог байгаагүй бол
Одоо би яруу найрагч гэж пивоны ширээн дээр хэнхдэгээ балбаа ч уу?
Учир их бий!
Улс төрийн бодлогыг харин би
Ухаан хүрч сэтгэж чаддаггүй юм
Улс төрд, Хувьсгалт намд, олон эвлэлд дургүйдээ биш ээ!

Угаасаа би шүлэгч төдий хүн юм
Уран шүлгийн хүн юм
Уянгын хүн юм
Уян хүн юм

Ухаан, шүлгээс өөр юманд хөдөлж өгдөггүй юм. Гэвч
Аюул хэрвээ тулгарвал
Аминыхаа төлөө биш
Ард улсынхаа төлөө
Анхын эгнээнд
Алхана аа!

Өнгийх дайсан ирвэл
Өссөн төрсөн нутаг усныхаа төлөө!
Өвөр дээрээ бөмбөрүүлэх нийгмийнхээ төлөө!
Өөрсдийн гараар бүтсэн юм бүхнийхээ төлөө!
Өчигдөр намайг жадаар чичиж байсан хянагчийнхаа төлөө ч
Өнөөдөр намайг суух газаргүй хавчиж байгаа заримынхаа төлөө ч
Өөрцгүй
Өстний халуун сумыг
Өрсөж би цээжээрээ халхална аа!

Багахан ч гэсэн энэ цээжин дотор
Баглуулж, гав гинжний хүндийг үзсэн Махтумкулийн зүрх бий
Балгаж сарын гэрэлд ганцаараа дуулсан Ли Бай Ши-гийн зүрх бий
Басагдаж, тэмцэж түүхэнд эр чадлаараа үлдсэн
Байрон, Бернс Абу-Навивын зүрхнүүд бий
Баригдаж гучин нэгэн насандаа 1938 онд буудуулсан
Борис Корниволын зүрх бий

Бас баатар ван Дамдинсүрэн гуайн
Зогсоо нөхцсөн зүрх бий
Олон үеийн олон газрын
Олон сайн, сайхан хүний
Омог мөрөөсөл шингэсэн энэ зүрхийг би
Яс махны нь тасархай аугаа их хүн төрөлхтний
Яруу алдрын төлөө харамсалгүй өргөнө

Монгол айлын утаат эсгий гэрт зуун зуунаар хадгалсан
Модон барын бийрэн бичгийн есөн эрдэний судруудын төлөө
Дамчдын халаасыг Европ чамирхлаар дүүргэж хил давдаг гуулин бурхдын төлөө
Дайчин овгийн ариун чандарыг түүхийн түлхүүртэй нь хадгалдсан булш бунхнуудын төлөө
Дархалсан, дархлууштай уул хангайн төлөө
Даанч цөөрсөн монгол тахь хулан хавтгайн төлөө

Эртний Мавреинахрын нутаг Нимрудын толгод Ашурбанипалын балгасны төлөө
Элсэн цөл дэх
Нугийн аварга чулуун хөшөөнүүдийн төлөө
Энэтхэгийн «Харын сүм» Тажмахалын Буддын ном тавьсан чулууны төлөө
Энэ зууны маань чулуун зэвсэгтэн Тасада Манубын нүцгэн хүмүүсийн төлөө

Аавынхаа босголцсон байшингийн төлөө
Ахынхаа суулгасан мод, дүүгийнхээ шигтгэсэн зүлэгний төлөө
Амьдарч зовж явсан энэ зууныхаа төлөө
Хүүхнүүдийн тайруулаагүй үлдсэн гэзэгний төлө
Хүүхдийн чулуун тоглоомын төлөө
Хүн-Таны төлөө
Хэрвээ шаардагдвал энэ зүрхээ цоо буудуулна
Хэрэгцээ, үүрэг, нэр төр гэдэг тэр.
Энэ бүхнийг би хүндэлдэг, хайрладаг, бахархдаг

Ээжийгээ харин шүтдэг
Өсөхөөс өдий болтлоо
Өвдөг сөхрөөгүй миний
Өнө мөнхийн шүтээн гэвэл
Өнөөдөр намрын навч шиг болсон
Өчүүхэн шар эмээ ээж минь байна!

Өчүүхэн хэрнээ аугаа их энэ хүн

Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг
Найгаж явсан үе бий
Найгаж дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад
Наян нэгэн сүлжээ гэзгийг нь одоогийн бүсгүйн хөл шиг бүдүүн байхад
Нас нь залуу, шүд нь бүрэн, ухаан нь саруул байхад
Нар шиг залуус сар шиг гэрэлд нь эрвээхэй шиг эргэж хургаж байхад

Алс хөдөө явах замын нь үзүүрийг
Аргамж шиг атгаж
Рабфакт гуравдахь жилдээ суралцах хүслэн дээр нь хяслан болж
Ах минь төржээ
Ахиад миний таван дүү төржээ
Аглаг хөдөөний хавар намрын хавсарган дор аргамжжээ.

Намайг миний ахан дүүсийг хүн болгох гэж
Наранд халж хүйтэнд хөрч хөдөө хөхөрч гадаа гандаж
Цаг бусаар явчихсан аавын минь хойноос бэлэвсрэн уйлж
Цахилгаантай бороо, салхи шуурга хөдөөгийн харанхуй шөнө
Цаана наана гэж түших хүнгүй ганцаардан айж
Сумын наадмаар сэлгээд унах морьгүй, сэгсэрч өмсөх дээлгүй үеийн залуусаас ичиж
Айлыг
Амьдралтай нь
Амаа ангайсан олон өнчнөө
Ааш зан, эрүүл мэнд ирээдүйтэй нь
Хорин наснаас жаран насаа хүртэл
Хотойлгүй
Хойш суулгүй
Холыг хол гэлгүй, хүндийг хүнд гэлгүй
Ганцаараа үүрч ирсэн
Гавьяатан энэ байна

Одоо больжээ, зайлуул
Ой ухаан нь уймраа, аймхай болж
Олон үгтэй, амархан гомддог, амархан баярладаг болж
Оочсон цайндаа цацаж, үмхсэн хоолондоо зогисдог болж
Үүлэн сүүдэр дайрахад даардаг болж,
Үдийн цай холдохыг даадаггүй болж

Ийм хүн байгаагүй юмсан гэж
Ижийн тухай хүн бүхэн өгүүлнэ
Ийм болгосон хүн нь би байна
Гэвч, чи намайг ийм болгосон шүү гэж
Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээгүй

Тэнгэр шиг уужим
Тэвчээртэйд нь
Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь
Эглийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм

Энхрий сэтгэлтэн олон ч надад ээж шиг минь байгаа ч билүү,
Эр бие эндэж тэнгэр тулмаар хэрэг дэгдэвч
Эрх багынх шиг минь уучланхан суудаг
Эвдэрч хүний нүдний булай болсон ч
Эрдэнэ мэт үр минь гэж энхрийлэн байдаг

Энэ-Миний шүтээн!


ТӨГСГӨЛ

Чихээрээ би үл сонсох, нүдээрээ би үл үзэх
Чин сэтгэлийн минь итгэл зөгнөл болсон ирээдүй танаа
Уян романтизмын эл захидлыг Монгол шүлэгч бичлээ!
Урсан өнгөрөх он жилүүдийн өндөр сэрвээг давуулан чулуудлаа!
Улаач болсон ард түмэн минь үүнийг авч очно!

Уншихдаа, хүндэтгэн ёсолсон намайг хэдийнээ арилсныг санаж
Утга хаялгүй, үг мушгилгүй, хэлбэр сонжилгүй
Уншсан шиг уншаарай

Усан галав, цусан өшөө, атомын түймэр л гарахгүй бол
Энэ захидлыг
Эгэл түмэн минь хүргэнэ.

Эгэл түмний минь эгэл амьдрал
Эрин цагийн далайн төвшин, дуу авиа
Атомын зууны түгшүүрт дэлхийн нэгэн эмтэрхий болсон
Ард шүлэгчийн үнэн дүр, үзэл бодол
Алдаа, оноо, хувийн жин энэ захидалд бий
«Аргагүй тэнэг байж» гэж намайг битгий шоолоорой!

Өргөн талын гөрөөс төөрөс зэрэглээн дунд
Өөрийн минь оронд ирээдүйд их хүн та төрсөн бол
Өнөөдрийн миний амьдралд миний паспортыг
Өвөртөлж явсан бол надаас сэцэн байгаа ч билүү, үгүй ч билүү

Тэр үе чинь
Тэнгэрийн диваажин шиг
Одооны энэ үе чинь
Очир там шиг санагдах ч юм билүү. Гэвч

Оногдсон цаг үеэсээ
Ондоо үе рүү
Ухарч болдоггүй
Урагшаа тэмүүлж ч болдогггүй юм
Хатуу ч гэсэн эвлэрч
Харанхуй ч гэсэн дасаж
Хожмын гэгээ гэрлийг хүсэн хүлээн сэтгэлээ тэжээсэн
Хорин зууны буурал түүх бидэнд сургаж байна

Өнөө үе минь там шиг байсан ч
Өнө холын ирээдүй диваажин шиг байсан ч
Өөрөө би хорьдугаар зууны
Өвөр дээр нь бойжсон болохоор
Өөрийн энэ үеийг
Өөр ямар ч үеэр солихгүй! Тэнд чинь над

Агаар таарахгүй
Размер таарахгүй.
Энэ үедээ би захиа хийцний гутал шиг яг таарсан биш,
Эрийн сайн эр болж, таарсан, таараагүй яс заасандаа ч биш
Хөх тэнгэрийг нь хараад үзмийн дарс шимсэн юм шиг
Хөлчүүрсхийж, хүний зовлонг мартан сэргэдэгт нь
Хөдөө талд гараад яруу найргийн үгсийг
Хөвсөн сувд түүх шиг алхам бүрээсээ олж болдогт нь
Хөгшдөөс нь Чингисийн үеийн цэц сонсож болдогт нь
Хөөрхий зүрх энэ үетэйгээ амьд судсаар холбоотой байна.

Би энэ үеийнхээ
Билгүүн их хүн нь

Биш ээ!
Бэлчээр богино, бэл бага, жирийн л хүн!
Чихэр боовноос маханд илүү дуртай
Чийчаан тэрэгнээс моринд илүү хайртай
Ах захаас айж үгэнд нь ордог,
Айлын жаалыг пионерийн лагерт явахад цуг баярладаг
Энэтхэг кино үзээд уйлдаг
«Экран» сэтгүүл дээрээс Никулиний хөрөг хараад инээдэг

Барааны тэнд тэнгэр ниргэж байхад айдаггүй хир нь
Байлдаантай кино үзээд харцуйн дотроо залбирдаг
Цээнийн цэцэг шиг жаахан болоод өнгө зохиж төрсөн
Цэ бүсгүйг хараад орчлонгийн зовлонгоо мартаж
Цэвэрхэн тааруухан бие тэгш, намбатай бол намбатай
Цэх үнэнч айл өрх сэтгэлд ургадаг

Мангууран мөрөөсөн нэг л хэсэг боддог
Маргааш нь түүнийгээ
Мартчихсан
Аян зам
Адтай-«Конак күнде
Күнде Кайда» гэж
Халуун идээгээ дээжлэнхэн угтах
Хасаг түмний тухай
Их мөрөөдлөөр гадаа гандаж явдаг
Ийм л нэг хүн дээ.

Гэвч ийм л эгэл хүнээс
Гэр үүсдэг, улс ч үүсдэг, түүх ч үүсдэг
Гэдрэг нь эргүүлж тэнхээ үл хүрэх түүхийн дугай
Гэлдрээд ч гэсэн довтлоод ч гэсэн очих л хэмжээндээ
Хожмын хүмүүс та нарт очихдоо л очно,
Хорьдугаар зууны шийдэж чадаагүй олон юмыг та нарт тулгана.

Алтайн уулс руу өвгөн Дамдин дөрвөн жил бэдэрсэн
Алмас гэгч үнэхээр байж уу? эсвэл цуурхал уу?
Гадаадын олон эрдэмтэн алмас гэж төөрөлдөөд
Ганцхан Хорлоо гуай төөрөлдөөгүй доцент байж уу?
Амьтны биеийн «биоцахилгаан» гэж ямар найрлагатай вэ?
Алс далдыг нэвт хардаг ямар увидас бий вэ?
Аливаа хүнд сүнс бий юу? эргэж төрдөг үү?
Алдсан гээснийг зүүдээр олж болох уу?
Мэргэ төлөг үнэн үү?
Айсуй цагийг урьдаас зөгнөж үхэх төрөхийг мэдэж болох уу?
Амандаа шившиж тэртээх хүнд хараал хийж болох уу?
Атом техникийн хөгжил урьд бас дэлхийд байж уу?
Аль нэгэн гаригаас хүн амьтан ирсэн удаа байна уу?

Зөвхөн илт биеэ тойрсон энэ бүхнийг бид
Зөв шударга шийдэж чадсангүй, хичээсэн ч үгүй
Зөнт хүнээ энүүхнээс болоод буудан хороож билээ
Зөрүү буруугүй үнэн шийдвэрийг нь та нар гаргаарай

Эцэст нь хэлэхэд би сайн, жинхэнэ үнэн шүлгэнд дуртай
Энэ зуун маань үргэлж түүнээр гачигдаж байлаа
Үеийн маань жаргал үзээгүй шүлэгчдэд зориулж
Үүнийг та нар заавал бүтээгээрэй!


1972.08.14



 

Add comment

Уншигчдын оруулсан сэтгэгдэлд тус сайт хариуцлага хүлээхгүй болно.

Security code
Refresh