Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр35
mod_vvisit_counterӨчигдөр517
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1743
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар4318
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт177600

Сайтад холбогдсон

Одоогоор 7 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
Нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь гэж юу гэсэн үг вэ? PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Ч.Мөнхжин   
Мягмар, 01-12-2009 19:12



Аливаа юманд улайрах муу гэдэг эртний үг байсаар байтал яарвал даарна гэдэг цэцэн үг оршсоор атал чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт ч хийсэн ч сэгсэрнэ гэгчээр олон нийт, иргэдийн хөдөлгөөнийхөн алдааг нь хэлсээр байтал эрх мэдэлдээ эрдэж “Оюу толгой”-н гэрээнд Засгийн газар гарын үсэг зурлаа. Монголын талаас гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдын нэг Д.Зоригт TV5 телевизээр нөхөн сонгуулийн өмнөхөн хийсэн ярилцлагадаа хэлний төгс мэдлэгийн тухай бодит жишээ авч М.Булгаковын “Мастер и Маргарита” зохиолыг дурдаж байхыг олж үзлээ. Зарим хүн ном зохиол уншихдаа үйл явдлыг нь хөөж уншдаг, харин цөөн хүн утга, агуулгыг шингээж уншдаг.

Ингэснээрээ уг номыг оюунаа тэлэхэд зориулж түүнийгээ бодит амьдралд хэрэгжүүлдэг. Харин энэ сайд уг номыг яаж уншсан бол гэж тэр нэвтрүүлгийг үзэж суух зуур бодогдож билээ. Булгаков уг номонд цаг хугацааг өргөн хүрээтэй авч үзсэн бөгөөд Монгол үндэстний “Оюу толгой” нэртэй энэ их баялаг яг ийм цаг хугацаатай холбоотой юм. Хэдэн мянган жилийн тэртээгээс бидний эрэлхэг, ухаант өвөг дээдэс энэ бүх баялгийг тус бүрийнхээ үе үеэс зөвхөн өнөөгийн бидэнд биш харин хойч үедээ үлдээсэн юм. Гэтэл зарим этгээд “Бидэнд Чингэс хаан заяасан, бас “Оюу толгой”, “Таван толгой” заяасан …”, гэхчилэн уриа лоозон дэлдэж Монгол Улсын үндэсний бүх ашигт малтмалыг зөвхөн өнөөгийн хүмүүсийн мэдлийн юм шиг үзэж “Оюу толгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг гоё эдийн засагч үгээр халхлан зөвхөн түүхий эд хэлбэрээр нь зарж борлуулах гэж байгаа бөгөөд үүнээс өөр гарц олж харахгүй байна ч гэдэг. Ийм хялбар замаар, наймаачин сэтгэлээр хандаж уг уурхайг хэрэглэвэл 150-200 жил идэх хөрөнгө гэдэг тооцоо бий. Харин түүхий эд чигээр нь биш үйлдвэрийн аргаар бүтээх эцсийн бүтээгдэхүүн болгож ашиглавал 300-400 жил хэрэглэх, жинхэнэ хөгжлийг авчрах огт өөр боломж байдаг. Ингэж үзвэл 150-400 жилийн турш амьдрах үе үеийн хүмүүсийн хоолыг булаагаад, ихэнхийг нь гадны хүнд өгөөд, эцэг, өвөг дээдсийн гэрээсийг зөрчөөд “Сайн гэрээ болсоон” гээд “хариуцлагаас” зайлж чадах болов уу.

“Мастер и Маргарита” зохиолд яг ийм агуулгыг бичсэн байдаг бөгөөд бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохгүй тийм хүчин зүйл, өөрөөр хэлбэл хумүүн бидний хүчин мөхөс гадны хүч, өөр ертөнц оршдог юм шүү гэдгийг сануулсан ухаан тэлэх зохиол юм. Гэтэл уг ярилцлагыг хөтлөн явуулж байсан тэдгээр гурван залуу сэтгүүлч “Оюу толгой” төслийн гүн ач холбогдлыг өнгөц гадарлаж, тас тас хөхрөлдөж, гэрээг нухацтай жигнэн ярилцаж тус болохын оронд залуу сайдыг хөөрөгдөж “Нөгөө нэг сая 500 мянгыг” энэ гэрээнээс та бүхэнд өгнө гэсэн шүү, “Сайд тэгж хэллээ шүү” гэх зэргээр нөхөн сонгуулийн ухуулга сурталчилгаанд зориулж байн байн “донгодож” байлаа. Өөр үгээр илэрхийлбэл, тухайн цаг үед амьдарч байгаа өнөө үеийнхэн тус гэрээнээс болон гэрээг жишиг болгож Монгол Улсын газар нутгийн хэвлий доорхи ашигт малтмалыг бүгдийг цөлмөх биш гагцхүү энэ цаг үедээ л ногдох тэр хэсгийг л залбиран байж хуртэх эрхтэй гэдгийг л тунгаан бодоосой гэж хүсч байна. Жинхэнэ анчин, гөрөөчин хүн бол баян хангай бидэнд заяасан юм гээд ой хөвчид очоод, хурдан буу, ирт мэсээр ан авыг хядаад байдаггүй, харин хангай дэлхий юу хайрлана түүнийг л хүртдэг эртний уламжлал бас далд хүчнээс зайлах хундэтгэл, түүнд өртөхгүй байх ухаан бий.Олон мянган жилийн туршид мөрдөж ирсэн цаг тооллоор 17-ны билэгт сайн өдөр гэх тэр өдөр “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол болж Ерөнхий сайд “Монголын талд ногдох үр вгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хургэж чадлаа” гэж Монголын ард түмэнд мэдэгдсэн юм. Миний хувьд гэхэд “Нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь” гэдгийг огт ойлгохгүй байгаа юм. Эрхэм монгол хүн та үүнийг ойлгож байна уу? Уг нь “Оюу толгой”-н эрдэс баялаг тов тодорхой бөгөөд үүнд, 45 сая тонн зэс, 1800 тонн алт, 5144 тонн мөнгө, 81600 тонн молибден зэрэг үнэт металлыг агуулж байгаа юм. Бас нөөц нь цаашид нэмэгдэж илрэх төлөвтэй.

Эрдэнэтийн зэс долоон сая тонн, харин “Бороо гоулд”-д алдсан алт 43 тонн байсан. Олон нийт энэ их баялгаас тодорхой хэдэн хувь нь Монголын талд ноогдох, үүнийг энэ гэрээнд яаж тусгасан бэ гэдэг гэрээний гол үндэс, агуулгыг л мэдэхийг хүсэж байгаа юм. Тэгтэл 10.000 ажлын байр бий болно, 50 жилд татварын орлого 29 тэрбум ам.доллар, 2014 онд ашигт малтмалын экспорт орлого гурван тэрбум ам.долларт хүрнэ гэх мэт зөвхөн мөнгөн дүнгээр мэдээлж байгаа юм. Харин их багыг харьцуулж байж л, үнэхээр их үү эсвэл бага уу гэдгийг мэдэж болно. Эх орондоо ажил олдохгүйн улмаас харь оронд ажил хайж нисэн одсон монгол хүн ганцхан Солонгос улсад л гэхэд 30 мянга гаруй бусад оронд нийтдээ 150 мянга байдаг гэсэн тоо бий. “Оюу толгой”-н зэс, алтыг түүхий эд чигээр нь үнэлж үзэхэд 300 тэрбум ам.доллар гэж зөвхөн өнөөгийн ханшаар тооцдог. Тэгвэл 300 тэрбум ам.доллараас 29 тэрбум хэр их мөнгө вэ? Уг ордын нийт хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллар, Тэрхүү ёслолын ажиллагаан дээр “Уурхайн өдөр тутмын ажиллагаанд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг бизнес бий болж олон арван нэгж иргэдийн ашиг орлогод нэн сайнаар нөлөөлнө” гэж баяртай мэдэгдэж байв. Үнэхээр гаднаас нь харахад уурхайг тойроод ийм зах зээл бий болох нь үнэн боловч угтаа 300-гаад тэрбум ам.долларын хөрөнгийг ачаад явж байхад тэргийг нь түрээд өгч байгаатай ялгаагүй юм. “Гарын таван хуруу” кинонд Шагдарыг гэр бүлээ хаяад явж байхад учир мэдэхгүй хүүхдууд нь тэргий нь түрээд өгч байдагтай яг ижил юм. Энд бас нэг чухал зүйл бий. Энэ нь усны асуудал мөн. Уг уурхайд .шаардагдах нэн их усыг эрх баригчид говийн гүний усны нөөцөөс бүрэн хангахаар хууль баталж өгсөн. Манай орон хуурай, ус чийг хомс орон мөртлөө говийн далд усыг их хэмжээгээр олон арван жилийн турш эзэмших нь яаж байгалийн тэнцвэр алдагдах, ямар эрсдэлтэйг хэн ч, ямар ч эрдэмтэн урьдчилан мэдэх аргагүй. Гадны хүмүүс авах юмаа аваад яваад өгнө харин малчин түмэн уугуул нутагтаа үлдэх нь дамжиггүй. Уурхайд хэрэглэх усыг гадны эх үүсвэр буюу ус чийг элбэгтэй өөр орноос, тухайлбал, Орос улсаас, тэдний өргөн гол мөрнөөс хоолойгоор ус татах арга замаар хангах, түүнээсээ эдийн засгийн бусад салбарт давхар ашиглах боломж байгааг олж харж, сэтгэж чадаагүй юм. Угтаа хууль тогтоох, хууль гаргах гэдэг гол утга учир нь эх орон, ард түмнээ хамгаалахын тулд, бодлого явуулж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд, тэр тусмаа аль л ховор хомс, өртөмтгий зүйлээ бүр ч их хамгаалах, арвижуулах учиртай. Жишээлбэл, хилээ хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах, агаар ус, ой мод, ургамал, ан амьтнаа хамгаалах, колончлол түрэмгийллээс хамгаалах, үр хүүхэд ирээдүйгээ хамгаалах, язгуур эрх ашиг, үндэстнээ хамгаалах, хэл соёл, бичгээ хамгаалах, ёс суртахуун, уламжлал, эв нэгдлээ хамгаалах… гэх мэт.

Энэ бүгдээс үндэслээд, нягтлаад үзэхээр уг гэрээ нөгөө талд нэн их ашигтай. Уг баялгийн эзэн болох монгол түмэнд ашигтай мэт харагдах хохиролтой гэрээ болсон нь тодорхой байна. Учир нь гэвэл уурхайгаас гэрээний дагуу орж ирэх мөнгийг өнөөгийн хоосон шахуу ядуу эдийн засагтайгаа харьцуулбал их юм шиг санагдана. Харин уг 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээ харьцуулж үзвэл ямар их хохирол вэ гэдэг нь ялгарч тодорно. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаан дээр Засгийн газар энэ үйл явдлыг “Эрин зууны бүтээн байгуулалтын эхлэл” гэж нэрлэсэн юм. Ф.Достоевскийн “Братья Карамазовы” зохиолд ах дүү Иван, Алёша хоёрын яриа байдаг. Дүү нь ахаасаа: “Цус, нулимсан дээр тулгуурлан босгох уран барилгын архитекторч нь байж та чадах уу” гэж асууж байдаг. Сталин эрх мэдлээрээ цус, нулимсан дээр сайн сайхан нийгмийг байгуулж чадсан билүү. Тэгвэл энэ олон хүний дургүйцэл, ядуу дорой амьдралтай хүмүүсийн мөнгөний хэрэгцээ, гачигдал, дорой ухамсрыг далимдуулан амласан мөнгөний амлалт, “Ямар ч гэсэн хөдөлгөөнд орууллаа” гэх харалган бодлогын хуурмаг бахдал, дөч, тавин жилийн хойно юу болох нь тодорхойгүй хариуцлага хүлээнээ” гэсэн хийсвэр үг энэ бүхэн дээр тулгуурлан “Эрин зууны бүтээн байгуулалтыг” цогцлуулж чадах болов уу. Мөн Ф.Достоевскийн зохиолд хүний сэтгэлийн хөг, сэтгэлийн сайн, муу чанарын тухай нандигнан бичсэн байдаг. Харин эдгээр эрхтэн, дархтан зүрх сэтгэлийнхээ утсыг хэр хөглөсөн бол, хэр нандин сэтгэлтэй бол, түүний ном зохиолыг хэр уншсан бол гэх бодол төрж билээ. “Ийгл” телевизээр, УИХ-ын гишүүн “гэрээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг чамбайруулж сайжруулах, ашигтай болгох боломж бий, хоёр жилийн хугацаа байна” гэсэн санаа хэлж байсан бөгөөд бас бусад эх сурвалжаас өгч байгаа мэдээгээр бол гэрээ хүчин төгөлдөр болох болоогүй бололтой. Аливаа гэрээ хэлэлцээрийг оюун ухаан, өөрийн талд ашигтай өргөн мэдлэгээр хийхээс биш заавал эрх мэдэлтэй нь хийх албагүй. Нэг үгээр хэлбэл тус гэрээг олон нийтэд ил тод болгон дэлгэн тавиад огт өөр бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээр шинэ гэрээ байгуулаад харьцуулж үзэх арга бий.

Цоо шинэ гэрээ байгуулж олон нийтэд дэлгэн тавьж, харьцуулж өмнөх алдаа дутагдлыг засах. Ингэснээр түүхэн, зоригтой, ухаантай шийдвэр гаргах таатай боломж Засгийн газрын тэргүүнд нээлттэй байна. Гэрээ байгуулах ажлын хэсгийг өөр хүмүүсээр бүрдүүлэх, тухайлбал, “УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ш.Сайхансамбуу, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд, “Монголын урчуудын эвлэлийн хороо”-ны дарга Ц.Энхжин, доктор С.Авирмэд, Бямба, Хурц, хуульч Л.Цог, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний Ганбаатар, Баярхүү, Уул уурхайн инженерүүдийн холбооны тэргүүн Владимир, “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Лхагважав зэрэг хүмүүс орвол сайнсан.
Цаг хугацааг нөхөж мэдэхгүй хүмүүс л гурван Засгийн газар дамжин цаг алдсан гэж ярьдаг, яаруулдаг. Харин онгоц ян тан болсон үед л хөөрдөг болохоос биш, ямар ч гэсэн хөөрөөдөхье, хөдөлье гээд байдаггүйтэй адил тус гэрээг ард тумэн эх орны эрх ашигт яв цав нийцүүлж байж л хүчин төгөлдөр болох учиртай. Энэ бол аль ч улсын, мөн дэлхийн жишиг. Харин харийн этгээдийн болзол шаардлага, өөр оронд хэрэгжүүлж байсан нөхцөл байдалтай тохируулж, адилтгаж хийсэн гэрээг дэлхийн жишиг гэж эндүү ойлгож яавч таарахгүй. Гэрээг бэлэн болох цаг хугацаатай өрсөн, саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэнчилэн уурхайгаас олборлох түүхий эд, түүнээс үнэт металл, металлаас төрөл бүрийн баялаг бүтээх шинэ, шинэ аварга үйлдвэрүүд босгож их цалинтай ажлын байрыг хангалттай бэлдэж, бүтээсэн баялгаа гадаадын зах зээлд нийлүүлж, хүн ардынхаа амьдрал ахуйг дэлхийн түвшинд хүргэж, улс орноо өөд нь татвал жинхэнэ хөгжил тэр болох биз ээ.Солонгос улсын “Hyundai” компанийн нийт ажилчдын тоо 500 мянга байдаг. Сөүл хотын дундуур урсах “Хан” мөрөн дээр 26 гүүр цогцолж тэдгээрийн дотор төмөр бетонон гүүр давхарлаж байдаг. Манай Туул гол дээр дөрвөн гүүр бий. Нэг нь эвдэрхий, нөгөө нь даацаа даахгүйн улмаас хүмүүс унаанаасаа буугаад явган гардаг.

Би бодлоо бичиж байна, хүслээ бичиж байна. Надтай адил бодолтой хүмүүс бас бий. Улам олон болоосой, тэгээд бодлоо нэгтгэж чадвал их үйлсийн эхлэл болно.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.МӨНХЖИН

 

Add comment

Уншигчдын оруулсан сэтгэгдэлд тус сайт хариуцлага хүлээхгүй болно.

Security code
Refresh