Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр256
mod_vvisit_counterӨчигдөр611
mod_vvisit_counterЭнэ долоо хоног867
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар3442
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт176724

Сайтад холбогдсон

Одоогоор 7 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
Тоглолтын Ховор Агшин- Ганц, Хоёрхон Секунд PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Бишүүгарам   
Лхагва, 15-04-2009 11:02

Монгол Улсын Ширээний Теннисний спортын мастер Чулууны Отгонбаатар Лос Анжелес хотноо амьдарч байгаа юм. Тэрээр 40 шахам жил ширээний теннисний спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлсэн, ахмад тамирчин. АНУ-ын Ютай мужид зохиогддог “Дэлхийн Ахмадын тоглолт” олон улсын тэмцээнд 2004 оноос  улсаа төлөөлөн оролцож ганцаарчилсан, хос тоглолтын нийт 9 медаль хүртсэн байна.

Америкийн Монголчуудын Ширээний теннисний аварга шалгаруулах уламжлалт тэмцээний өмнө Спортын мастер Ч.Отгонбаатар гуайтай уулзаж энэ спортын үүх түүх, гайхамшиг, тамирчны амьдрал, амжилтынх нь талаар ярилцав.

Та хэдийнээс теннисний спортоор хичээллэж эхлэв?

Би боксоор хичээллэдэг байсан юм. 1969 оны Боксийн Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр гараа хугалчихсан. Аав, ээж ч боксоор хичээллэхээ боль гээд л. Ингээд далан оны намар НАХЯ-ны намын хороонд зураачаар ажилд оров. Манай ажлын доод давхарт теннисний ширээтэй. Олон хүмүүс тоглож байхыг сонирхон харж явлаа. Хөл бөмбөгийн спортын мастер Банзай багш тэнд бас тоглодог байсан юм. Тэр л надад цэнхэр резинтэй мод бариулаад чи теннис тогло, тоглож сур гэсэн юм. Тоглолтын арга техник нь боксийнхтой адил ч юм шиг байсан. Их амархан л тоглож сурсан санагддаг.

Хэдэн сарын дараа байгууллагынхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцож  хоёрдугаар байранд орсон. Тун удалгүй Алдар нийгэмлэгийн аваргын төлөөх тэмцээнд оролцсон. 180 гаруй хүн оролцон 3 өдөр, шөнөжингөө үргэлжилсэн тэмцээн болсон юм. Тэр тэмцээнд түрүүлээд дараахан нь Улаанбаатар хотын аваргын тэмцээнд багаараа 3 дугаар байранд орсон. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс ганцаарчилсан тоглолтоор хүрэл медаль авсан. 

Энэ үеэс л олны анхааралд өртсөн байх гэж боддог. Улсын шигшээ багийн дасгалуулагч Санжаа багш манай секцэнд ир гэж дуудлаа. Яваад очтол Чулуунбат, Нэргүй, Цэдэнбалжир, Батхишиг гээд дандаа л арван жилийн хүүхдүүд байсан.  Арван жилийн хүүхдүүдтэй тоглохоос жаахан санаа зовоод “чадахгүй нээ” гэтэл  Санжаа багш юу ярьж байгаа юм чи тоглох ёстой гээд л өөрийн секцэндээ авсан. 

Спортоор хичээллэхээр хорхойсох, “спортдоо орох” гэж байдаг болов уу?

Теннисийг нэг тоглоод эхлэхээрээ хүн салахаа байж хорхойсдог юм билээ. Миний хувьд оройн таван цаг гэж ажлаа тараад шөнийн 11 хүртэл тоглох бол энүүхэнд байсан. Заримдаа өглөө болтол үзнэ шүү дээ. Хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад хажуудаа суулгачихаад даарвал шинелэндээ боож тавьчихаад тоглодог байлаа.  

 Санжаа багш ингэж хорхойсон тоглосон гэж харин ч дэмжиж байлаа. Манай  ажлын хамт олон ч гэсэн дэмжиж байсан. Алиасүрэн, Ганболд, Төөгөө гэх мэт тоглодог хүмүүс гадаад яваад ирэхээрээ цохиур, хэрэгслэл авч ирж өгдөг байлаа. Хамгийн гол нь манай гэр бүлийн хүн Цэцэгмаа  "Чи амжилт гаргах хэрэгтэй" гэж  дэмждэг байсны хүчинд энэ спортод удаан жил явж байна.
   
Танай үеийн гол өрсөлдөгч нар хэн байв аа. Тэднийхээ тухай дурсана уу?

Багшийн Дээдийн Нэргүй, Цэдэнбалжир, Хоршоолол клубийн Амарсанаа, Нарангэрэл, Бямбажав, Чулуунбат, Алдар спортын хорооны Мягмар, Томбуу, Болд гээд олон сайхан тоглогчид, мастерууд байлаа. Анх 1961 онд Бээжинд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Баасан Бямбажав, Томбуу, Амарсанаа нар оролцож байсан түүхтэй.

Мөн Цэдэнбалжир, Нэргүй, Болд, Отгонжаргал Мөнхцэцэг нар олон улсын тэмцээнд оролцож сайхан амжилт үзүүлж байсан. Жишээлбэл: Цэдэнбалжир (Гээмбээ) мастер Дэлхийн аваргад оролцсон Монгол теннисчдээс хамгийн өндөр рейтингтэй тоглогч юм шүү. Одоо ч түүний амжилтыг эвдээгүй байх аа. Тэр эргэлттэй цохилтыг маш сайн хийдэг. Гээмбээгийн эргэлттэй цохилтыг ид байх үед нь бараг барьдаггүй байсан даа.  Хэрэв түүний эргэлттэй цохилтыг барьж чадах хүн тэр үед  гарч ирсэн бол илүү сайжрах байсан гэж би боддог.  
 
Энэ спортод гаргасан амжилтын тань талаар яриагаа үргэлжлүүлье?

Бүх ард түмний спартикад гэдэг тэмцээн болдог байлаа. Тэр тэмцээнд “Алдар” нийгэмлэгийн багаараа 3 удаа, Улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа 5 удаа түрүүлж байв.  Манай багийнхан, спортын мастер Мягмар, Томбуу бид гурав тухайн үедээ Алдарын гурав гээд тенниснийхээ спортын хүрээнд нэртэй л байлаа.
Миний хувьд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгө, хүрэл медалиуд авч байсан. Манай өрсөлдөгч нар хүчтэй байсан тул түрүүлчих боломж олдоогүй юм. Харин Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд  3 удаа түрүүлж байсан. Азийн тоглолт, Дэлхийн аварга гээд тэмцээнд оролцож байв. Хамгийн сүүлд гэвэл АНУ-ын  Юта мужид зохиогддог “Дэлхийн Ахмадын тоглолт” олон улсын тэмцээнд ширээний теннисний төрлөөр 2004, 2005, 2006 онд оролцож ганцаарчилсан болон хос тоглолтоор алт, мөнгө, хүрэл  зэрэг нийт 9 медаль хүртлээ.  

Теннисний спортын гайхамшиг гэж таны бодлоор юу бол?

Миний бодлоор тоглолт дундаа маш хүчтэй цохих гээд далайхад эсрэг тоглогч  хойшоо зай авнаа даа. Тэгэхээр нь дөнгөж тор давуулаад хаядаг ч юм уу өрсөлдөгч нь цохилоо гэж ойлгоод бэлтгэхэд цохихгүй, аль нэг буланд нь зөөлөн хаях, сул хаях нь гээд өрсөлдөгч нь бодох төдийд хүчтэй цохих гэх мэт. Мөн давуулалтыг эргэлттэй хийлээ гэж ойлгоход эсрэг байх, эсрэг талын тоглогч хүчтэй цохиод гар нь буугаагүй надад харагдвал яг тэр буугаагүй газар руу нь цохих  гэх мэт  теннисний цохилт, давуулалтын техникийг сайн эзэмшин тоглож байгаа хүмүүс  үзэгчид төдийгүй тоглодог хүмүүст ч сайхан харагддаг. 

Хүний мэдрэмж, тооцоолох чадвар чухал. Дан ганц бөмбөг цохиод байгаа хэрэг биш эсрэг тоглогчийнхоо үйлдэл хөдөлгөөн бүрийг асар хурдтай мэдэрч, хариу тоглох, хөдөлгөөн, ухаан санаа нэгдсэн байх учиртай даа. Бас их шударга спорт, нэг л хүн түрүүлдэг, хүн бүр түрүүлэхийн төлөө л байдаг шүү дээ

Тамирчин хүний тоглолтын шуугиантай, торгон агшин гэж байдаг даа. Таны хувьд энэ талаар юу хэлэхсэн бол?

1978 оны Улсын аваргын тэмцээн дээр Хоршоололын Амарсанаа мастер бид хоёр тоглосон юм. Бид хоёрын хэн хожсон талын баг нь аварга болох байсан хэрэг л дээ. Тэгэхэд тооны харьцаа адил 19 болж, тэнцчихсэн маш өрсөлдөөнтэй байсан. 

Амарсанаа мастерийн хүчтэй цохисон бөмбөгийг босгоод оруултал ахиад цохих гэснээ тор дөнгөж давуулаад хаячихдаг байна шүү. Хүчтэй цохисон бөмбөг авсан хүн чинь хол байнаа даа. Би холоос гүйж ирээд тэр бөмбөгийг хүчтэй цохиод тэр эрчиндээ эсрэг тоглогчдынхоо тал руу гүйж ортол Амарсанаагийн цохиурт бөмбөг хүрээд эргээд манай тал руу орж байгаа харагдлаа. Тэгэхээр нь Амарсанаагийн араар гарч ширээгээ бүтэн тойрч гүйгээд нөгөө бөмбөгийг цохиод дахин Амраагийн ард ирэхэд үзэгчид босч баяр хүргэж байсан юм. Ингэж багтаа хожил авчирч байв. Бараг нэг хоёр секундын хооронд л болоод өнгөрсөн тэр явдал миний тоглолтын ховор агшин байсан гэж боддог. Миний тоглолтын нэг онцлог  бол бөмбөгөө цохиод араас гүйж ширээндээ ойртдог, үеийнхэн дотроо хөлийн хурд сайтай байсан.


Та хүүхдүүддээ теннис заасан уу? 

Хүүхдүүд аяндаа л энэ спортыг сонирхоод эхэлдэг юм билээ. Манай  Том охин Бадамцоо 2 дугаар ангид  байхдаа би секцэнд орье гээд гэсэн Тэгэхээр нь өөрийгээ голоод Нэргүй Мастерт шавь оруулж байв. Эгчийгээ тоглоод ирэхээр дүү нар нь  дагаж дууриагаад тоглоод эхэлсэн. 

Нэг ийм явдал болсон юм. Тэр үед Нэргүй, Энхтайван гэх мэт ганц хоёрхон хүн барьдаг теннисний гурвалжин цохиур байсан юм. Тенниснийхэнд бол их ховор эд. Нэргүйгээс сонирхож асууж байсан юм. Нэргүйн авгай нь гадаад явах гээд хурган шуба хэрэгтэй болж л дээ. Тэгэхээр би надад хурган  шуба байна “ теннисний гурвалжин цохиураар солиноо” гэв. Ингээд эхнэр биднийг хуримаа хийхэд хоёр талын аав ээжийнхээ өгч байсан хурган дотроо цохиураар сольчихлоо. Хурган шуба тэр үедээ 600 орчим төгрөг байлаа. Манай авгай хэдэн төгрөгөөр хурган дотроо зарсан бэ? гэхээр нь энүүгээр сольчихсон гээд цохиураа үзүүлсэн чинь “ийм юмаар сольж байхдаа яахав” гээд ихэд гайхаж билээ. Дэлхийн аваргын тэмцээнд оролцож буй Хятад хүмүүсийн цохиур нь бүр элэгдээд ул болчихсон байдаг юм билээ. Ингэхээр анхнаасаа л сайн модоор тоглож цохиуртаа дасах ёстой юм байна гэж бодож хүүхэддээ тэр цохиурыг авч өгсөн хэрэг. Манайх  дөрвөн хүүхэдтэй, тэдний гурав нь Ширээний теннисний спортын мастер, нэг нь спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчид. Манай том охин өнгөрсөн жил  Монголын ширээний теннисний Лигийн аварга  тоглогч болсон. 

Олон шавьтай юу?

Би чинь Сүхбаатар аймагт теннисний багшаар хоёр жилийн томилолттой  яваад 7 жил ажиллаад Улаанбаатарт ирж байлаа. Сүхбаатарын шавь нар маань их сайхан тоглож байгаа. Жишээ нь Оюунчимэг, Баттуяа, Энхбаатар, Энхтөр, Цацралт Од гээд олон шавь нар маань теннисний спортын мастер болсон. Цацралт Од гэдэг хүүг ээж нь дагуулж ирээд шавь оруулж байлаа. Цохиур ч барьж үзээгүй хүү ирээд их сайн болсон. Би нэг юм дуулгах, насанд хүрэгчдийн Улсын аваргад ч үзэх хүүхэд гэж их харж байсан. Ажил амьдралын шаардлагаар нутагтаа очиж ажиллаад, багшлаад л явж байгаа. 

Манай Сүхбаатарын хүүхдүүд удаа дараа Өсвөрийн Улсын аварга болж байсны дээр Орос, Солонгос  зэрэг оронд болсон тэмцээнд улсаа төлөөлөн оролцож  байлаа. Хөдөө орон нутгаас теннисний тамирчид гадаадын тэмцээнд оролцох байтугай, Өсвөрийн Улсын аваргаас медаль авна гэдэг их ховор  байлаа шүү дээ. 

Багшилж байхдаа нэг анзаарсан зүйл гэвэл сайн хүнтэй тоглож байж сайн болох ёстой юм билээ. Жишээ нь сайн довтолдог хүн гаргая гэвэл сайн хамгаалдаг хүн байх хэрэгтэй. Гэтэл нөгөө сайн тоглогч нь хөдөө орон нутагт байхгүй болохоор өөрийнхээ хэмжээнд л шавь нараа бэлтгэсэн гэж боддог.

Ширээний теннис хэдэн наснаас эхлэн тогло гэж зөвлөмөөр байна?

Ширээний теннисийг 7-8 настайгаасаа эхлээд тогловол зүгээр. Тийм багаасаа тоглож  байж л амжилтанд хүрнэ. Хүссэн хэн бүхэн энэ спортоор хичээллэх боломжтой. Биеийн бүх л булчин ажилладаг, идэвхитэй хөдөлгөөнтэй болгодог,  нүдний хараанд сайн гээд эрүүл мэндэд сайн, ач холбогдол ихтэй. Миний хувьд 20-иод настайгаасаа л эхлэн энэ спортоор хичээллэсэн. Практик туршлагаас харахад хэдэн настай ч хүн тоглож болно. Жишээ нь Лхагвадорж  гэж найз маань 40  хүрч байж л энэ спортоор хичээллэж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн жил ахмадын Улсын аварга болсон. “Дэлхийн ахмадын тоглолт”-д л гэхэд  нь 70-ээс  насны теннисчдэд зориулсан ангилалтай, стандарт цохиур, бөмбөгнөөс арай том цохиур, том бөмбөгөөр тоглодог байх жишээтэй.

Монголынхоо ширээний теннисний спортын талаархи таны бодлыг сонирхмоор байна?  

Манай оронд ширээний теннисний спорт үүсч хөгжөөд 60 жил болж байгаа. Энэ жил 60 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ спортыг хөгжүүлэхэд Санжмятав багш маань ихийг хийсэн. Хэдэн үеийн тенниснийхэн тэр хүний гараар орж, тамирчин болсон. Зах зээлийн эхэн үеийн бужигнаан дунд бүх л спорт сүйрсэн шүү дээ. Спортын сургалтын төв гэж байхгүй болсон. Гэхдээ ширээний теннисний спортод үнэн сэтгэлээсээ дуртай, хайртай хүмүүсийн хүч хөрөнгө, дэмжлэгээр манай оронд энэ спорт сэргэж хөгжиж байгаа гэж бодож байна.

Монгол телевизийн Энхбат, Удирдлагын академийн Лхагваа, Дэд бүтцийн Яаманд  ажилладаг Энэбиш, Хүн-Од компаний Лхагвадорж, Гурвангол компаний Бэхээ, Теннисний Улсын шигшээ багийн дасгалжуулагч Галаа, Цэнджаргал, Америкийн Монголчуудын ширээний теннисний тэмцээнийг зохион байгуулж байгаа  Лхагваа,  бидний нөхдүүд нийлж хүн бүр  хэдэн төгрөг  нийлүүлээд Ширээний теннисний  “Stars” клубыг 1999 онд анхлан байгуулсан. Миний бие анхны тэргүүнээр нь ажилласан. Тухайн үед Цагдаагийн автобаазын заалыг түрээслээд ажлаа эхэлж байлаа. Хүүхэд, насанд хүрэгчдэд теннис заагаад тоглуулаад явсан. Манай клубын үйл ажиллагаа тогтмолжоод ирэхээр сонирхогчид, дэмжигчид манай рүү их ирдэг болсон. Гэхдээ теннисний байр талбай, техник хэрэгслэлийн нилээн бэрхшээл амссан даа. Манай теннисний холбооны О.Чулуунбат дарга өөрийн хөрөнгөөр ширээний теннисний байртай болгож, мөн зардал төлбөрийг нь төлөөд хятадад хоёр хүүхдийг тус сургуульд сургасан. Хаана л тэмцээн болно энэ спортод сэтгэлтэй, хөрөнгөтөй хүмүүс маань санхүүжүүлээд явуулаад  байдаг болсон. Амжилт ч ахисан. Энэ спортод өөрийн хувь нэмрээ  оруулж байгаа нөхөддөө үнэхээр баярладаг. Тэдний тус дэм Монголд ширээний теннисний спортыг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц  болж байгаа гэж боддог. 

Удахгүй болох Америкийн Монголчуудын ширээний теннисний аварга шалгаруулах уламжлалт тэмцээний талаархи сэтгэгдлээ хуваалцана уу?

Энэ жилийн тэмцээний хувьд  их өрсөлдөөнтэй сайхан тэмцээн болно байх аа. Манай ширээний теннисний спортын мастер 1¬0 гаруй, олон зэрэгтэй тамирчид АНУ-д ажиллаж, сурч, амьдарч байна шүү дээ. Эдгээр тамирчид, түүнчлэн гадаадад олон жил энэ спортоор хичээллэсэн, сайн тоглодог залуучууд ирж энэ тэмцээнд оролцох сурагтай байна.
Америкийн Монголчуудын энэ тэмцээн жилээс жилд өргөжиж олныг хамарч байгаа төдийгүй, Монголын Ширээний Теннисний холбоо ч энд оролцон дэмжиж байгаа гэсэн. Цаг зав, сэтгэл, хүч хөрөнгө гарган жил дараалан энэ тэмцээнийг зохион байгуулж, энэ нутагт суугаа Монголчуудынхаа уламжлалт тэмцээн болгон теннисний спортоо дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа Лхагваадаа баярлаж байна. Америкийн Монголчуудынхаа тэмцээнд оролцож тоглоно л гэж бодож байгаа.

Тамирчин хүнд элдэв сонин тохиодол зөндөө л таарч байсан биз ээ. Энэ талаар сонирхуулж ярихгүй юу?

Энэ спортоор хөөцөлдсөнийхөө буянд олон газар тэмцээнд оролцож явлаа. Теннисний спорт Англиас үүсэлтэй бөгөөд Дэлхийн аврага шалгаруулах тэмцээний өмнөх том сорилт болгон Англид нээлттэй тэмцээн зохиодог юм билээ. “Их  Британы нээлттэй тэмцээн”-д  2001 онд манай баг оролцсон. Энэ үеэр Швейдын тамирчин, ширээний теннисний Олимп, Дэлхийн аварга Уалднерыг бэлтгэл хийхэд дэргэд нь байж, тоглолтыг үзсэн. Теннисний тоглолтын гайхамшгийг тэнд нүдээр үзсэн. Ер нь ширээний теннис тийм ч их үзэгчидтэй спорт биш. Гэтэл түүний бэлтгэл хийх, тоглолтыг үзэх гэж заал дүүрч байгаа юм чинь. Уалднерыг хожигдчихсон чинь тэр зааланд байсан хүмүүс орлилдоод зарим нь уйлаад л.  Тэр тэмцээний гурван төрөлд түрүүлж  45 мянган раундын шагнал авч байсан Хятад залуу Ванг Лигин теннисний супер од болсон.

Теннис өөрийн гэсэн хувцас, гангараатай, түүнийг сонирхон цуглуулдаг. АНУ-д болдог “Ахмадын тоглолт”-ын финальд Их британы эмбелемтэй тоглолтын хувцасаар гангарлаа. Гэтэл хэн ч юм нэг гадаад нөхөр чи Монгол байж Их британы эмбелемтэй хувцас өмслөө гэж ихэд загнаж билээ. Харин тоглолтын дараа Германд болсон ширээний теннисний дэлхийн аваргын оролцогч нарт өгсөн цамцыг тэр надад дурсгасанд их баярласан шүү. Мөн 1990 онд Хойд Солонгост болсон Дэлхийн аваргын тоглолтын үеэр тэр тэмцээний аварга болсон Хятадын Ман Го гэдэг теннисчин өөрийн өмсөж шагнал гардсан тоглолтын цамцаа надад бэлэглэж байлаа.

Ингэхэд та аль нутгийн хүн билээ? Нутаг ус, бага насны чинь дурдатгалаар яриагаа өндөрлөе гэж бодож байна.

Аав, ээжийнхээ нутгаар ярьвал Дундговь, Төв аймгийнх.  Төрсөн газар одоогийн Туркийн Элчин сайдын Яамны байрны орчим. Хэдэн жилийн өмнө бие өвдөөд, төрсөн газраа оч гэхээр нь Туркийн Элчинд очоод “төрсөн газраа  хөрвөөгөөд  гарья” гэтэл гадны нутаг тул тэгж болохгүй гэсэн. Хуучин Улсын их Дэлгүүр (Дүрслэх урлагын музей), одоогийн УИД, Нэгдүгээр сургууль, Шар дэлгүүрийн хавь миний тоглож өссөн газар байгаа юм. Цог, Октябрь гээд найзуудтайгаа байлдаж, нуугдаж тоглоод, Усны гудамж, 5 дугаар сургуулийн хавиар байсан Хятад мухлагын лангуун дээрээс танзуур, маахуурыг нь авч зугтаагаад, Ууттай самар үүрсэн өвгөний уутыг нь зүсч самрыг нь гоожуулаад мөн ч дэггүйтдэг байсан даа. Залуу байхад теннис гайгүй тоглодог үеийнхэндээ хэдэн тоо өгч байгаад л тоглож хожоод л бас ч аатай байж дээ гэж заримдаа боддог юм. 

Танд их баярлалаа.  

Ярилцсан: Д.Бишүүгарам 
Лос Анжелес хот

 

Add comment

Уншигчдын оруулсан сэтгэгдэлд тус сайт хариуцлага хүлээхгүй болно.

Security code
Refresh