Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр258
mod_vvisit_counterӨчигдөр611
mod_vvisit_counterЭнэ долоо хоног869
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар3444
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт176726

Сайтад холбогдсон

Одоогоор 7 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
Тэд бидний тухай
Америк хээнцэрлэл PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Р.Эмүүжин   
Мягмар, 11-11-2008 09:25

Тив алгасан, далай гаталсан хэд хоногийн аялал Инчон хотноо хөл тавьснаар эхэллээ. Далайн эргийн “Incheon beach” буудалд нэг хоног саатан тухалж, ус давалгаалсан элстэй эргээр хөл нүцгэн алхлах ялдамд тэндхийн монголчуудын амьдралтай танилцсан хэрэг. Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 63 дугаар чуулганд оролцон, Вашингтонд төрийн ажлаа амжуулахаар мордсон албан айлчлалын багт бидний хэдэн сэтгүүлч багтан, “арай амар” маршрутаар Улаанбаатараас ниссэн  нь энэ.


Солонгосын монголчууд

Тэдний дундаж цалин 800 мянгаас нэг сая таван зуун мянган төгрөг. Бордооны үйлдвэр, тавилгын тохижилт үйлчилгээ, усан онгоцны гүйцэтгэлийн ажил, барилга  байшин барих гээд олон салбарт “хүч үзэж” байгаа Солонгосын монголчууд Европ, Америк тивийг зорьсон бусдыгаа бодоход илүү монголжуу. Эндээ үлдэж хоцрох тухай ойлголт байхгүйтэй адил. Харин солонгос хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн хувьд асуудал илүү хүнд. Энэ оронд одоогоор ийм хувь тавиланд хөтлөгдөн хөл тавьсан 2000 гаруй эмэгтэй байдаг талаар Монголын Элчин сайдын яамны ажилтан эмэгтэй сонирхуулсан.

Аз жаргал, амар тайван амьдрал хайн солонгос хүнтэй гэр бүл болсон монгол хүүхнүүдийн ердөө нэг  хувь нь санаснаараа амьдарч яваа гэж хэлэхэд болох гэнэ.  Үлдсэн хэсэг нь фермерийн эзний зарц, хартай солонгос залуугийн гэрийн хоригдол, бүлтэй нэгний гарын шүүс болох энүүхэнд бөгөөд нутаг буцъя гэхээр гэр бүлийн ээдрээтэй асуудал, “эрлийз” хүүхдийнх нь хувь заяа чөдөр болдог аж. Олзуурхууштай нь сүүлийн үед Солонгост “харлах үзэгдэл” эрс багасч, энд саатсан монголчууд аль болох албан ёсны визтэй байхыг эрхэмлэх болсон  гэнэлээ.


Элбэгээ, Өсөхөө нар тэнд “хараар ажиллаж” байгаа...

Албаны хүний ам алдсанаас үзвэл манайхан хэтэрхий сэргэлэн бололтой. Эсвэл ИБМУТ-ийн ажлын хяналт илэрхий суларсных ч байж болох. Монголын нэр хүндтэй, олны танил хүмүүсийн олонх нь Солонгост “харласан” тухай сонсоод эхэндээ гайхав. Цахиагийн Элбэгдорж, Гэлэгжамцын Өсөхбаяр гэсэн овог нэртэй хэд  хэдэн монгол хүн Солонгосын хилийг давж, бүр ажилд орон “харлаад” үлдчихсэн талаар хошин гэмээр мэдээлэл чих сортойлгосон хэрэг. Хуурамч Г.Өсөхбаяр баригдан нутаг буцаж, харин Ц.Элбэгдоржийн нэрийг хулгайлсан залуу одоо болтол олдоогүй байгааг сонсоод хачирхахаас цаашгүй.

Өдөр дундын орчим шавар шалбааг гэмээр харагдаж байсан далайн эрэг орчим үдэш гэхэд усаар долгилон давалгаалж угтсан нь сонин. Далайн түрлэг эхэлсэн нь энэ. Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Инчоны энэ хавийн эргээр гадаадын гэхээсээ илүү дотоодын жуулчид саатах нь элбэг. Үндэсний бөмбөрөө уйдтал балбах урлагийн явуулын баг,хүүхдээ хөтлөн налайх залуухан гэр бүл, салют буудуулан хашгиралдах залуус… Далайн эргийн шөнийн амьдрал үүр цайтал үргэлжлэх янзтай.

Энэ зуур TV5-ын Амраагийн ах, эгч хоёр биднийг махаар дайлж, сөжү сөгнөн, ахуйн яриа өрнүүлэн алжаал үргээв. Ажил, амьдрал хөөж яваа монголчуудын дотнохон төрх, юуг ч юм үгүйлэн санагалзсан, юу ч юм хүсэн хүлээсэн харц, бас Монгол гэсэн омгорхол. Уг нь тэд жирийн л хүмүүс. Гэхдээ юугаараа ч юм сэтгэл хөглөх сэмэрсэн мөрөөдөл үнэртэнэ. Он гаргаад харина гэнэ. Одоо дахиад хоёр жил гүрийнэ гэнэ. Хилийн чанадад суугаа монголчуудын нийтлэг бодол, тэвчээрийн хязгаар…


“Гараа өргөсөн Аниа“-гийн нутгаар

14 цагийн “нүсэр” нислэгийн дараа Нью-Йоркийн “JFK” олон улсын нисэх онгоцны буудалд хөл тавилаа. Нислэгээс ганц л зүйл таалагдсан. 4000 шахам метрийн өндрөөс  бидний амьдран суугаа гариг ертөнц дэндүү үзэсгэлэнтэй харагддаг юм билээ. Өө тийм, цаг нөгцөөж ядаад “Их хотын сексийн амьдрал” киног хэдэн цагийн турш үзсэнээ дуулгахаа мартаж.

Нью-Йорк хотын НҮБ-ын байр орчмын гудамж талбай цагдаагаар “бөөстчихөж”. 192 орны төрийн тэргүүн болон албаны төлөөлөгчдийг төвөг чирэгдэлгүй хүлээн авч, хамгаалахын тулд хэд хэдэн гудамжийг хаажээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 63 дугаар чуулганы нээлтийн хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр улс үндэстнээ төлөөлөн үг хэлэв. Албаны мэдээллүүдийг нэгэнт хүргэсэн болохоор энэ удаа нурших нь илүүц биз. Ерөнхий сайд С.Баярыг дэлхийн томчуудтай “буу халж” байхыг ажлаа хөөж яваа сэтгүүлч бид хааяахан  харахаас цаашгүй. Манай Ерөнхий сайд гээд очоод “наалдалтай” биш. Хамгаалалт нь гэж хачин аймаар.

“Гараа өргөсөн Аниа”-гаа олоод үзчих санаа байвч цаг хугацаанд баригдаад мөдгүй. Эрх чөлөөний хөшөөг сэтгүүлч бид ийнхүү нэрлэсэн хэрэг. Юутай ч Монголын цөөн сэтгүүлч НҮБ-ын үүдэнд тоног төхөөрөмж, машин тэргээ эгнүүлэн “сүрийг үзүүлсэн” дэлхийн хэвлэл мэдээллийн томчуудаас дутахгүйг хэрэндээ хичээсэн. Гэхдээ үе үе үнэтэй камер, аппаратаар зэвсэглэсэн тэднийг атаархлын харцаар шилбүүрдэхээ мартаагүй шүү.

МҮОНТВ-ийн Э.Долгион, Ч.Бат­гэрэл, NTV-гийн Заяа, Өлзий нар хуралдааны хэд хэдэн танхим руу “оготно зурам” шиг хулгайгаар орж, хөөгдөөд амжсаныг яана. Чуулганы хүрээнд өрнөж буй уулзалт, хурал болгонд нэвтрэх үнэмлэх авах хэцүү. Тэгэхээр “туулайчлах” шаардлага үе үе гарна.


Хийжүүлсэн ундаа, замын бөглөрөл, “золбин шар...“

Нью-Йорк хамгийн үнэтэй хот. Зогсоол дээр машинаа хоёр цаг тавихад л 32 ам.доллар. Бяцхан охидын даашинзны дундаж үнэ 400 ам.доллар. Хараад байхад америкчууд кока кола, гамбургер, пиццагаар голдуу хооллоно. Өглөөдөө буудлын хажуугийн түргэн хоолны газарт уртаас урт дараалал үүсч орхино. Хийжүүлсэн ундаа, хиам хавчуулсан талх   эндхийнхний хамгийн өргөн хэрэглэдэг хүнс. Магадгүй, америк маягийн таргалалт өвчин болтлоо өргөжсөн шалтгаан энэ ч байж болох юм.

Нью-Йорк их бачуухан хот. Хуучин, шинэ барилгууд шавааралдсан, гудамж нь зай муутай. Замын бөглөрөл уцаар  төрүүлэх энүүхэнд. Нөгөө “золбин шар” тэнд ч бас байх. Гэхдээ Монголын таксинаас илүү гоёмсог, цэвэрхэн. Харин буруу зөвгүй дайрах нь манай “золбин шар”-уудтай адил. Өнөөх “Аксент”, “Элентра” тэнд ч бас шуугиж явна билээ. Хуучны япон машин, шинэ загварын гоёмсог төмөр тэрэгнүүд, ер нь Улаанбаатарын гудамжтай төстэй шүү.


Америкийн монголчуудын “аймаар“ шаардлага

Вашингтоны амар амгалан байдал, сэлүүхэн агаар хэн хэнд маань хачин ихээр таалагдсан. Тэндхийн монголчуудын Харандаан хөшөө хэмээн  нэрлэсэн дурсгалын цогцолбороос өндөр байшин барихыг хуулиар хоригложээ. Тийм болоод Вашингтоны тэнгэр Улаанбаатарынхаас уудам, цэлгэр. Америкийн монголчуудтай хийсэн Ерөнхий сайд С.Баярын уулзалт бараг дөрвөн цаг үргэлжилсэн.

Тэндээс өөриймсөл болоод хүнийрхэл, бас ихэрхлийг олж мэдэрч болохоор байв. Ерөнхий сайдын хүний нутагт суугаа ахан дүүстээ хаягласан захидал эзэддээ хүрээд удаагүй байхад болсон эл уулзалт гадаадад суугаа монголчуудын араншин, эх орондоо хандах хандлагыг нээсэн гэж хэлж болно. Муу мэдээ гэвэл Америкийн монголчууд хүнийрхүү, өмчирхүү болчихож.

Тэд Монголд очиж ажиллавал бидэнд зориулан бизнесийн татваргүй орчин бүрдүүлэн хуульчилж болох уу, Улаанбаатарын ойролцоо газар өгөөч, Америкийн монголчууд өөрсдийн гэсэн хотхоноо байгуулаад амьдармаар байна, “Монголыг хэн сайн мэдэх вэ” уралдаан эндхийн монгол хүүхдүүдийн дунд зохиох гэсэн юм. Засгийн газраас хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлээч, Улаанбаатар хэзээ хог шороогүй, траншейний хүүхэдгүй болох вэ, тэр үед л бид очно гэхчлэн хүсэлт гэхэд хэцүү шаардлага гэхэд гомдмоор зүйлсийг өгүүлж байлаа.

“Та нарыг  харлавал  ажил олж өгнө” гэсэн үгсийг сэтгүүлч бидэнд хаялсан нь ч бий. Хариулт нь товчхон. “Монголд бүх юм эхэлж байхад Америкт харлаж байдаг тэнэг байх уу” гэж шулуухан хэлсэн маань тэндхийн монголчуудад таалагдсан, үгүйг мэдэхгүй. Товчхондоо бол тэнд ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүд маань  Монголоо гэхээсээ илүү Америкийн монголчууд гэсэн хувьчхан үзлээр өвчилчихөж.

Сайн мэдээг нь одоо дуулгая. Америкийн хотуудыг холбон бизнес хийдэг монгол залуус эх орондоо хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Боломж олговол Америкийн дундаж компанийнхтай тэнцэх хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй юм билээ. Мөн монголчууд оюуны амьдралаа Америкт хар ажилд нухлагдаад ч хаясан нь үгүйг сонсоход таатай. Монгол соёлын төв зэрэг холбоо байгуулан ажилладаг аж.

Зөвхөн бямба гаригт хичээллэдэг монгол сургууль байгуулаад жил гаруй хугацааг үджээ. Энэ бол сайн мэдээ. Гавьяат багш Галбадрах уулзалтын үеэр “Бид МАХН-д биш, АН-д биш, ганцхан Баяр гэдэг  хувь хүнд итгэн нутгаасаа сайн мэдээ, эерэг өөрчлөлт хүлээж суугаа шүү” хэмээн өгүүлснийг энд онцолъё.


Хоноц хоноцдоо дургvй...

Сүүлийн үед Америкийн монголчууд нутагтаа буцах хандлагатай болжээ. Учир нь дэлхийн эдийн засгийн хямрал энд бодит утгаараа нөлөөлж, барааны үнэ өсөн, ажлын хөлс буурах болсон байна. Испанийн цагаачид монголчуудын цагт 9-10 ам.доллараар хийдэг ажлыг таван ам.доллар болтол  хямдруулан төвөг удах болсон аж. Үүнд нь Америкийн монголчууд дургүй гэж жигтэйхэн.

Тэндхийн монгол айл дунджаар 2500 орчим ам.долларын орлоготой гэх.  Гэвч зарлага нь өндөр. Энэ хэмжээний мөнгө гардаг тухай нэгэн эмэгтэй ярьж байлаа. “Байр түрээсийнх, машин зээлийнх, төлж дуусаад харина гэвэл бараг л худлаа. Ирээд зургаан жил боллоо. Хүүгийн маань шилжилтийн нас эхлэх гээд, хоёр жилийн дараа харимаар л байна” гэж тэрбээр хуучилсан.

Насаараа зээлтэй, өртэй, насаараа ажиллаж төлдөг америк амьдралд тэд уягдаж орхижээ. “Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явна, цалингаас цалингийн хооронд амьдарч байна” гэсэн үгсийг тэнд олонтаа сонссон. 30 орчим мянган ам.долларын үнэтэй зээлийн машинаар гангарсан нэгэн байхад 3500 ам.доллараар хуучин япон тэрэг аваад уначихсан залуу ч бас бий. Амьдрал ахуй нь тэгширсэн ч хүүхдээ коллеж, их сургууль бараадуулаад буцах зорилго өвөрлөн гүрийж буй 40 орчим насныхан цөөнгүй. Ямартай ч Америкийг зүглэсэн монголчуудын цувааны түрүүч нааш эргэжээ.


Бродвейн шөнө

Дахиад л Нью-Йорк. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар буухад Соёлын тэргүүний ажилтан Үржинбадам эгчийн борцтой цай угтав. Хөлс гарч,хөл амрах шиг л сайхан. Хөгшин залуугүй цайны сайханд уягдан, царай засав. Тэндээсээ НҮБ-ын байр руу хөдөллөө. Бөөн бөглөрөл. Хоёр цаг  гаруй бөглөрч, эхэндээ хөгжүүн явсан бид барайх тийшээ хандав. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга С.Батбаатар ахын царай бүр харлачихаж.

Учир нь энэ өдөр Ерөнхий сайд С.Баяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзах учиртай. Вашингтоны гудамжаар чөлөөтэй жирийлгэж, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Д.Чейни, Монголын Ерөнхий сайд С.Баяр нарын уулзалтад гэрлийн хурдаар хүрч байсантай харьцуулах юм биш. Энд ч бас Улаанбаатарынхтай адил зам бөглөрдөг гэж бодохоор таатай. Амжихгүй байгаа ажлаа санахаар лайтай.

Гэвч бид амжсан л юм даа. Оройхон хэдэн өдөр үргэлжилсэн албаны үүргээсээ салсан бид Үржээ эгчийг даган үдшийн Нью-Йоркоор тэнэхээр  гарлаа. Метронд амьдрал буцалж байх юм. Дуулж бүжиглэн, дугуйрч зогсоод тоглож байгаа улс ч байх. Эндхийнхэн их энгийн хувцаслана. Элдэв чамин өндөр өсгийт, богино банзал чухам илүүднэ. Бродвейн театрт жүжиг үзвэл 180 ам.доллараас дээш үнэтэй. Хямдрал зарласан дэлгүүрүүд нь “хялайж ойчмоор” том. Яваад дуусахгүй, янцаглаад барагдахгүй.

Шөнөдөө манан бууж, өндөр өндөр барилгуудын орой үүлэнд хучигдаад харагдахаа больжээ. Америк үнэхээр эрх чөлөөний орон. Гэхдээ тэр эрх чөлөө гээчийг ноён доллараар хэрхэн  хязгаарлахаа тэд мэддэг юм байна. Үйлчилгээний болон доогуур зиндааны ажилтнуудын арьс нь хүртэл өнгө муутай, бүрзгэр. Зогсвол зоос, хөдөлбөл хөлс гэсэн хэлц үг энд бүрэн утгаараа  үйлчилнэ. Бродвейд Нью-Йоркийн уугуул залуус, Азийн баячуудын дураараа хүүхдүүд шөнөжин бүжиглэж, ууж, дэлгүүр хоршоо хэсч, өчигдөрхөн хотын нэгэн томоохон банк өмчөө зарж эхэлснийг сонсоогүй юм шиг наргина.


Америк хээнцэрлэл

Энэ талаар зориуд хоёр үг хэлэхийг хүсэв. Монголд хүн хүнтэйгээ харьцдаг. Харин Америкт тийм биш. Брэнд брэндтэйгээ харьцана. Мөнгө мөнгөтэйгээ л ярилцана. Аймаар үнэтэй брэнд барааны сурталчилгааны дэргэд метронд зүүрмэглэж яваа жирийн америк ажилчин эмэгтэйн ядарсан харц юу ч биш болж хувирчээ. Брэнд тавилгаар гэрээ дүүргэж, брэнд хувцас өмссөн л бол та хүн. Зөвхөн тэрхүү брэндүүдийг сурталчлахын тулд үйлдвэрлэхээсээ илүү зардал мөнгө хаяна. Америк мөрөөдөл чухам энэ бүхний өмнө толгой бөхийсөн юм шиг санагдана.

Америк бол хүчирхэг гүрэн. Тэнд хамгийн чамин тансаг бараа, хамгийн хөгжингүй технолог, хамгийн өндөр байшин, хамгийн соёлтой хэрэглээ, хамгийн гэсэн бүхэн бий. Америк мөрөөдөл биелсэн нь тэр биз. Америк маягийн хээнцэрлэл эндээс үүссэн ч байж болох. Гэхдээ мөрөөдөлд хүрэх гүүрний дор амьдарч байгаа жирийн америк иргэдийн бодит амьдрал магадгүй их өөр. Мөрөөдөл, бодит амьдрал хоёрын дунд үүссэн ялгаа өнөөдрийн Америкийг тодорхойлж байна.

Америк маягийн хээнцэрлэлд монголчууд бид ч бас тэмүүлдэг. Тэр тэмүүлэл маань хөгжлийн өндөрлөгт хүргэх цаг мэдээж ирнэ. Тэр үед мөрөөдөл дампуурах цаг Монголд бас ирэх болов уу хэмээн энэхэн зуур бодож амжсаныг яана.

Нутаг буцах цаг болжээ. Буянт-Ухаа, утаатай ч гэсэн Улаанбаатар, Монголын намар... Хөгжлийн оргилд хүрээд яахаа мэдэхгүй хямарсан нийгмээс хөгжил өөд тэмүүлж яваа монгол нийгэмд хөл тавьж буйгаа юу юунаас ч илүү мэдрэв. Энэ мэдрэмж аян замын туршид миний олж авсан хамгийн үнэтэй ухаарал ажээ.

Р.Эмүүжин
Эх сурвалж: http://www.mongolnews.mn